Хятадад интернэт хэрэглэгчдийн тоо 989 сая давжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-д интернэт хэрэглэгчдийн тоо өнгөрсөн оны есдүгээр сараас хойш 5.2 хувиар өсөж, 989 сая давсан тухай тус улсын сүлжээний мэдээллийн төвийн тайланд (CNNIC) дурджээ.
Тайланд дурдсанаар, хүн амын интернэтэд нэвтрэх коэффициент таван сарын хугацаанд 3.4 пунктээр өсөж, 70.4 хувь болжээ. Хятадын интернэтийн салбарын нийт бүтээгдэхүүн 2020 онд түүхэндээ анх удаа 100 их наяд юаниас (одоогийн ханшаар 15.4 их наяд ам.доллар) давсан байна.
"Сүлжээний технологиуд нь шинэ төрлийн коронавирусний цар тахалтай тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, БНХАУ-ыг цар тахлаас үүдэлтэй хямралаас эдийн засаг нь хурдан сэргэж чадсан дэлхийн цорын ганц улс болгох гол хүчин зүйл болсон" гэж тайланд тэмдэглэжээ.
CNNIC-ийн мэдээллээр, Хятад улс дэлхийн цахим худалдааны салбарыг найм дахь жилдээ тэргүүлж байна. 2020 онд тус улсын цахим жижиглэн худалдааны хэмжээ 11.76 их наяд юанийг (1.81 их наяд ам.доллар) давж, 10.9 хувиар өссөн байна. Интернэтээр худалдан авалт хийдэг хүний тоо өнгөрсөн оны есдүгээр сарынхтай харьцуулахад 4.4 хувиар өсөж, 782 сая болжээ.
Түүнчлэн цахим сургалт, эмнэлгийн цахим үйлчилгээний салбар эрчимтэй хөгжсөөр байна. Эдийн засгийн эдгээр хоёр салбарыг ашиглаж буй иргэдийн тоо тус тус 342 сая, 215 сая давжээ.