Коронавирустэй тэмцэхэд зориулж хандив цуглуулсан ахмад дайчин нас баржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН. /BBC/. Их
Британийн Үндэсний эрүүл мэндийн газарт коронавирустэй тэмцэхэд нь зориулж 33 сая
фунт стерлингийн хандив цуглуулсан Дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчин Том
Мур коронавирусний халдвар авсны улмаас эмнэлэгт хүргэгдсэнээсээ хойш хоёр
хоногийн дараа нас баржээ.
“Бидний хүндэт эцэг таалал төгссөнийг дуулгаж
буйд гүнээ харамсаж байна. Амьдралынх нь сүүлчийн мөчүүдэд бид түүнтэй хамт
байсандаа баяртай байна. Бид хүүхэд ахуй цагаа дурсан санаж, хайрт ээжийнхээ талаар
ярилцсан. Бид хамт инээж, хамт уйлсан. Эцгийн маань амьдралын сүүлийн он жилүүд
гайхалтай байсан. Энэ хугацаанд тэрбээр залуужсан мэт болж үргэлж мөрөөддөг байсан
цаг мөчүүдийг өнгөрөөсөн” хэмээн Мурын гэр бүл мэдэгдсэн байна.
Том Мурыг нас барсантай
холбогдуулан хатан хаан II Елизавета захидал илгээж, эмгэнэл илэрхийлжээ. Том
Мур өнгөрсөн оны 7 дугаар сард хатан хаанаас төрийн дээд шагналуудын нэг болох
баатар цол хүртэж байсан юм.