Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд Эрүүл мэндийн чиглэлээр улс, хувийн хэвшлийн 89 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагийн 29.2 хувь нь төрийн байгууллага, 70.8 хувийг хувийн хэвшлийн байгууллага эзэлж байна.
Хүний нөөц: Аймгийн эрүүл мэндийн салбарт 173 их эмч, эм зүйч 32, сувилагч,эх баригч, бага эмч, эм найруулагч, бусад дунд мэргэжилтэн 509, бусад дээд мэргэжилтэн 47, бусад ажиллагсад 279, нийт 1040 хүн ажиллаж байна.
Эх, хүүхдийн эрүүл мэнд: 2020 онд 1395 эх амаржиж, 1406 хүүхэд төрсөн бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 20-ны байдлаар 63 эх амаржиж 64 хүүхэд төрлөө. Сүүлийн 8 жил эхийн эндэгдэл, төрөлхийн тэмбүүгийн тохиолдол гаргалгүй ажиллаж байна. Сүүлийн таван жилд хүүхдийн эндэгдлийг бууруулах чиглэлээр "Дэлхийн зөн" ОУБ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч төсөл хэрэгжүүлэн, хүүхдийн үндсэн мэргэжлийн эмч бэлтгэх, хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламжийг сайжруулахад тасралтгүй сургах, хүүхдийн болон жирэмсний нэрийн хяналт хийх, жирэмсэн, хөхүүл эх болон бага насны хүүхдэд хооллолтын талаар ганцаарчилсан зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа зохион байгуулсны дүнд нялхсын эндэгдлийн түвшинг 1000 амьд төрөлтөд 8.5-д хүргэсэн нь өмнөх оноос 6.1, улсын дунджаас 3.0 промилиор, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшинг 9.2 болгож өмнөх оноос 9.8, улсын дунджаас 4.8 промилиор тус тус бууруулав.
Аймгийн хүн амын дундах өвчлөлийн тэргүүлэх шалтгааныг:
1. Амьсгалын тогтолцооны өвчин
2. Хоол боловсруулах тогтолцооны өвчин
3. Шээс бэлэгсийн тогтолцооны өвчин
4. Цусны эргэлтийн тогтолцооны өвчин
5. Гэмтэл хордлогын шалтгаант өвчин
Нас баралтын тэргүүлэх шалтгааныг :
1. Цусны эргэлтийн тогтолцооны
2. Хорт хавдрын шалтгаант
3. Гэмтэл хордлогын шалтгаант
4. Хоол боловсруулах тогтолцооны
5. Амьсгалын замын тогтолцооны шалтгаант нас баралт эзэлж байгаа тухай Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.