Маргаашаас дугаарын хязгаарлалт үйлчилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх даваа гаригаас 15-ныг дуустал авто тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтын дагуу зорчино.
Учир нь сар шинийн баяраар иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул ийнхүү долоо хоногийн хугацаатай дугаарын хязгаарлалт тогтоолоо. Тодруулбал, сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл 2 дугаар сарын 9,11,13,15-нд, тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл 2 дугаар сарын 8,10,12,14-ний өдөр зорчино.
Дээрх дугаарын хязгаарлалт эмнэлэг, онцгой, тагнуул, цагдаа зэрэг байгууллагын тээврийн хэрэгсэлд хамаарахгүй. Харин төрийн байгууллагын ажилчид өглөө 07.00-09.00 цаг, орой 17.00-19.00 цагийн хооронд гэр-ажил гэсэн маршрутын дагуу хөдөлгөөнд оролцоно. Бусад тохиолдолд хязгаарлалтын дагуу хөдөлгөөнд оролцохыг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.