“Гамшигт тэсвэртэй орон нутаг” төсөл Бугат, Шарга, Дэлгэр суманд хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-01-14 19:11:55

Говь-Алтай /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ, "Дэлхийн Зөн Монгол" олон улсын байгууллага, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төсөл Говь-Алтай аймгийн Бугат, Шарга, Дэлгэр суманд хэрэгжинэ.


Энэхүү төсөл Улаанбаатар хот болон Эрдэнэт, Дорнод, Орхон Дорноговь, Дундговь, Говь-Алтай, Увс аймагт 2020-2022 онд хэрэгжих юм. Гамшгийн эрсдэлийн менежментийн бодлогод, үндэсний болон орон нутгийн түвшний бэлэн байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах, гамшгийн эрсдэлийг бууруулах, зорилтот байгууллагууд, иргэдийн дунд бэлэн байдлын талаар мэдлэг ойлголтыг дээшлүүлэх зорилготой юм. Мөн орон нутгийн иргэдийн амьжиргааг хамгаалах, хөдөө аж ахуйн салбарт гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадварыг бэхжүүлэх зорилготой бөгөөд 1.3 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжих ажээ. 

Төслийн хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт мал аж ахуйн салбарын чадавхыг нэмэгдүүлэх, бэлчээрийн менежмент, өрхийн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, байгальд ээлтэй хариуцлагатай мал аж ахуй эрхлэхэд туслах юм. Түүнчлэн малын халдварт өвчнийг эрт илрүүлэх, хянах, тандан судлах чиглэлээр малын эмч, малчид, бусад холбогдох мэргэжилтнийг сургах, орон нутгийн мал эмнэлгийн тасгийн нөөц бололцоог сайжруулахыг зорьж буй ажээ.


相关新闻