Тайвань паспортын загвараа шинэчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-01-12 12:48:22

ТАЙБЭЙ. /NHK/. Тайвань оршин суугчдаа Хятадын иргэдтэй андуурагдахаас зайлсхийхийн тулд паспортын шинэчилсэн загвараа танилцуулжээ. Тайванийн эрх баригчид паспорт солиулах хүсэлтийг даваа гаргаас хүлээн авч эхэлжээ.


Паспортын өмнөх загварт “Бүгд Найрамдах Хятад Улс” болон “Тайвань” хэмээх үгийг бараг ижил хэмжээтэй бичсэн байжээ. Харин шинэ загварт “Тайвань”-ийг илүү өргөн хийгээд томоор бичсэн байна.


Холбогдох албаны төлөөлөгчдийн мэдээлснээр, коронавирусний халдвар дэлхий даяар тархсантай зэрэгцэн Тайванийн паспорт эзэмшигчдийг Хятадын иргэдтэй андуурсан тухай олон гомдол иржээ.


“Ийнхүү загварыг шинэчилснээр хүмүүс Тайванийн паспорт гэдгийг амархан таних боломжтой болж байна” гэж Тайванийн Гадаад хэргийн сайд Жозеп У мэдэгдсэн байна.


Мөн Тайванийн “China Airlines” компани өнгөрсөн сард тээврийн нисэх онгоцны их бие дээрх “CARGO” хэмээх бичгийн загварыг шинэчилж, “C” үсгийн дотор хэсэгт газрын зургаа дүрсэлжээ.


Тайванийн эрх баригчид тээврийн нисэх онгоцнуудаар 80 гаруй оронд 50 сая гаруй амны хаалтыг хандивласан юм. Гэвч Тайванийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, амны хаалтыг хүлээн авсан зарим орон Хятадын хандив гэж андуурсан тохиолдол гарсан байна. 

相关新闻