Оюутны байт харваачид дэлхийн аваргаа тодруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-06-03 15:14:05

Байт харвааны оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо өчигдөр эхэлж албан ёсны нээлтээ Төв цэнгэлдэх хүрээлэнд хийсэн байна.

Монгол Улсад анх удаа зохион байгуулж байгаа тус тэмцээнд 24 орны 250 орчим тамирчин оролцож байгаа юм. Тэмцээнийг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ЭМСЯ, БСШУЯ, БТСХТ, НЗДТГ, МОСХ, Байт харвааны үндэсний холбоод хамтран зохион байгуулж байна. Өчигдөр тэмцээний нээлтийн ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон. 11 дэх удаагийн тэмцээн Компаунд болон Рекурв гэсэн хоёр төрлөөр ганцаарчилсан, хос, багийн гэсэн төрлөөр аваргуудаа тодруулна. Тэмцээний урьдчилсан шатны харваанууд өнөөдөр, маргааш болно.

Харин алт болон хүрэл медалийн төлөөх харвааг Чингисийн талбайд ням гарагт хийхээр болжээ. Үндэсний сурын спортод тулгуурлан манай оронд байт харвааны спорт хөгжөөд 60 орчим жил болж байна.

Монгол Улсаас олимпийн спортын энэ төрлөөс 1971 онд анх удаагаа эмэгтэй харваач Д.Дэмбэрэл Английн Лондон хотноо 30 метрийн харваанд Дэлхийн аварга цолыг энэ спортын төрлөөс хүртсэн түүхтэй.

Д.Өлзий

相关新闻