Арав гаруй улс Венесуэлийн шинээр сонгогдсон парламентыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-01-07 12:26:02

TОРОНТО. /CBC/. Венесуэл улсын шинээр сонгогдсон парламент буюу Үндэсний Ассамблейг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ арав гаруй улс мэдэгджээ.


"Бид 2021 оны нэгдүгээр сарын 5-нд хуралдсан Үндэсний Ассамблейн хууль ёсны байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэхүү хууль бус Үндэсний Ассемблей нь Николас Мадурогийн хууль бус дэглэмийн зохион байгуулсан хуурамч сонгуулийн үр дүн юм" гэж Бразил, Канад, Чили, Колумби, Коста-Рика, Эквадор, Эль Сальвадор, Гватемал, Хаити, Хондурас, Парагвай, Перу улсуудын эрх баригчид болон Венесуэлийн сөрөг хүчний төлөөлөгчдийн гарын үсэг зурсан хамтарсан мэдэгдэлд дурджээ. Хамтарсан мэдэгдлийг Канадын Гадаад хэргийн яам нийтэлсэн байна.  


Мэдэгдэл гаргасан улс орнууд мөн "Үндэсний Ассамблейг хүлээн зөвшөөрөхгүй байж, Венесуэлд ардчилал, хүний ​​эрх, хууль дээдлэх ёсыг сэргээн байгуулах хүчин чармайлтыг дэмжихэд оролцохыг" олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ.


Венесуэлийн Үндэсний Ассамблейн сонгууль 2020 оны 12 дугаар сарын 6-нд болж, Ерөнхийлөгч Николас Мадуро тэргүүтэй социалист хүчнүүд олонхын санал авсан байна. Тус улсын сөрөг хүчний удирдагч, парламентын дарга Хуан Гуайдо тэргүүтэй сөрөг хүчний гол намууд парламентын сонгуулийг бойкотолж, оролцоогүй юм.

相关新闻