Хятад улс "Шинэ торгоны зам"-д 1 их наяд доллар зарцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-06-03 11:18:42

МОСКВА. /Sputnik/. БНХАУ Европ болон Азид их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа нь олон улс орны сайшаал талархлыг хүлээж байна.

БНХАУ Европын түнш орнуудтайгаа хамтран Си Зиньпиний “Нэг бүс, нэг зам”, “Шинэ Торгоны зам” хэмээх хамтын хөгжлийн стратегийг хэрэгжүүлж эхэлснээс хойш гурван жилийн нүүрийг үзэж байна. Энэ төлөвлөгөө нь БНХАУ-ын геополитикийн нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэсэн эдийн засгийн хөшүүргийн нэг юм. Уг төлөвлөгөө нь Торгоны замын эдийн засгийн бүс, Далайн Торгоны зам гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.

Хуурай газрын Торгоны замын төсөлд Төв Ази, Баруун Ази, Ойрхи Дорнод, Европыг дамнасан Торгоны замын дагуу орших орнууд хамрагдаж байгаа бөгөөд энэ төслөөр дамжуулан эдийн засгийн нэгдсэн бүс байгуулах зорилгоор илүү өргөн интеграцийг бий болгох ажээ.

Харин олны талархлыг ихэд хүлээж буй Далайн торгоны зам санаачилга нь Өмнөд Хятадын тэнгис, Номхон далайн өмнөд хэсэг, Энэтхэгийн далайн эргийн дагуу орших хэд хэдэн орнуудыг хамрах бөгөөд БНХАУ-ын бүс нутаг дахь эдийн засгийн давамгайлал руу цөмрөн орох гэсэн АНУ-ын оролдлогыг мохоож байгаа юм.

Эдгээр санаачилгын хүрээнд эхний нэг жилд дэд бүтэц байгуулахад чиглэсэн 200 тэрбум долларын төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бол дахин нэг их наяд долларын төслүүд хүлээгдэж байгаа нь АНУ-ын гадаадад оруулсан хөрөнгө оруулалтаас хэд дахин их юм.

Европт коммунист үзэл тархаж, ЗХУ-ын нөлөөнд орохоос сэргийлэх үүднээс тус бүс нутагт асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн Маршаллын төлөвлөгөөтэй БНХАУ-ын стратегийн үйл ажиллагааг харьцуулж байгаа юм.

Хамгийн сүүлд гэхэд БНХАУ Африкт ийм маягийн стратегийн бодлого явуулж, тус тивийн томоохон орнуудыг НҮБ дахь Хятадын байр суурийг дэмжихэд хүргэж, Өмнөд Хятадын тэнгист дэгдсэн маргаанд Афганистаны дэмжлэгийг авч чадсан байна.

АНУ-ын эдийн засгийн алдагдал нь нэмэгдсээр байгаа боловч НАТО-г дэмжих замаар Өрнөд дэх нөлөөгөө хадгалахын тулд хөрөнгө цацсаар байгаа бол тус бүс нутгийг чиглэсэн Хятадын давшилт Вашингтоныг улам бүр шахсаар байгаа юм.

Д.Нямтулга

 

 

相关新闻