Хууль хэрэгжүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын орлогч Г.Мартаар ахлуулсан Ажлын баг 14 сумын Засаг дарга, ЗДТГ-ын дарга, татварын байцаагч нартай цахимаар хуралджээ.
Албаныхан Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт газар өмчилж, эзэмшиж, ашиглаж буй нийт иргэн, хуулийн этгээдийн газрын төлбөр ногдуулалт, ашиглалтын байдал, газрын төлбөр ногдуулсан талбайн хэмжээ зөрүүтэй эсэх, газрын төлбөрөө бүрэн төлсөн эсэх талаар ярилцаж тодорхой үүрэг чиглэл өгсөн байна.
Тухайлбал, газрын төлбөр ногдуулсан боловч хоёр жилээс дээш хугацаагаар төлбөр төлөөгүй газрын судалгаа, зөвшөөрөлгүй газар ашиглаж буй иргэн, хуулийн этгээд байгаа эсэх зэрэг нийт 12 төрлөөр хяналт шалгалт хийж, тайлангаа долоо хоног тутам ирүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгажээ.
Хяналт шалгалтаар илрүүлсэн
зөрчил дутагдлыг шуурхай арилгах, хууль зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд
холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож ажиллахаар болов.