Бүгд найрамдахчуудын ялалтыг хулгайлах боломж олгохгүй байхыг уриалав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп Жоржиа муж улсад Бүгд найрамдах намын сенатч Дэвид Пердью, Келли Леффлер нарыг дахин сонгохыг дэмжиж үг хэлжээ.
Тэрбээр сонгууль шударга болно гэдэгт дахин эргэлзэж, бүгд найрамдахчуудын ялалтыг хулгайлах боломж олгохгүй байхыг дэмжигчдэдээ уриалсан байна. “Маргааш /нэгдүгээр сарын 5/ та бүхэн чухал сонгуульд саналаа өгнө, улс орон танаас хамаарна, дэлхий нийтээрээ харж байна” гэж Трамп хэлээд саналыг нь тоолж байгаа эсэхийг шалгахыг хүсжээ. “Радикал ардчилагчид Сенатад суудал авахыг хүсэж байна. Бид тэмцэх болно" гэж АНУ-ын Ерөнхийлөгч нэмж дурдсан байна.
Цагаан ордны тэргүүн өөрийгөө ерөнхийлөгчийн сонгуульд "хол тасархай ялсан” гэж дахин мэдэгдээд, "сонгуулийн луйвар" хийхийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн онцлон тэмдэглэв. Ардчилсан намын ялалт "коммунизмыг эхэлүүлнэ" гэж тэрбээр үзэж байгаа аж. "Өнөөдөр миний энд байгаагийн зорилго бол Ардчилсан нам таны саналыг хулгайлахаас урьдчилан сэргийлэх явдал юм. Ардчилсан намд Цагаан ордныг хулгайлахыг бүү зөвшөөр" гэж АНУ-ын Ерөнхийлөгч онцлон хэлжээ.
Одоогоор Сенатын танхимд олонхын суудал эзэлж байгаа Бүгд Найрамдах нам 11 дүгээр сарын 3-нд болсон бүх нийтийн сонгуулиар Конгрессын дээд танхимд 50 суудал аваад байгаа бол Ардчилсан нам 48 мандат авчээ. Хэрэв Ардчилсан намын гишүүд болох Жон Оссофф, Рафаэль Варнок нар Жоржиад болох хоёр дахь шатны сонгуульд ялбал Ардчилсан нам давуу талтай болно. Америкийн хууль тогтоомжийн дагуу тодорхой асуудлыг хэлэлцэхдээ хууль тогтоогчдын санал ижил хуваагдвал дэд ерөнхийлөгч нь Сенатыг тэргүүлдэг бөгөөд санал өгөх эрхтэй байдаг аж.