ОНХС-гийн төлөвлөлт, гүйцэтгэлд тавих хяналт, иргэдийн оролцоо хангалтгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймаг дахь Төрийн аудитын газар тус аймгийн
ОНХС-гийн 2019 оны хөрөнгийн зарцуулалтад аудит хийж, “ОНХС-гийн төлөвлөлт, гүйцэтгэлд
тавих хяналт, иргэдийн оролцоо хангалтгүй байна” гэсэн дүгнэлт гаргажээ.
2013-2019 онд тус аймагт ОНХС-гийн хөрөнгөөр нийт 36,2
тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 1,508 төсөл, ажил үйлчилгээг
хэрэгжүүлсэн бөгөөд 2019 онд 2,458.4 сая төгрөгийн хөрөнгөөр 187 төсөл
хэрэгжүүлсэн байна.
2020 онд гүйцэтгэсэн аудитаар нийт 362.3 сая төгрөгийн
зөрчил илрүүлэн, зөрчлийг арилгуулахаар аймаг, сумдын ИТХ, Засаг даргад албан
шаардлага, зөвлөмж хүргүүлсэн ба хэрэгжилт 100 хувь биелсэн хэмээн дүгнэжээ.
ОНХС-гийн хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулах,
худалдан авах ажиллагааны журам зөрчих, шууд худалдан авах гэрээ байгуулах,
шууд худалдан авалт хийх зэрэг зөрчлүүд нийтлэг байжээ.
ОНХС-гийн аудитаар илэрсэн зөрчлийн дүнг өмнөх оны дүнтэй
харьцуулахад зөрчлийн дүн, тус сангийн төлөвлөлт, зарцуулалттай холбоотой
зөрчил буурч байгааг аймгийн Төрийн аудитын газраас сайшаасан байна.
Гэхдээ ОНХС-гийн төлөвлөлт, хэрэгжүүлэх, хяналт тавих
бүхий л үе шатанд иргэдийн оролцоог хангаж, нутгийн удирдлагын байгууллагууд
хууль, журмаар олгогдсон хяналтын эрхээ хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байгааг
онцолжээ.