У.Баатархүү “Онц гавьяатан” алба хаагчаар шалгарч, 16,0 сая төгрөгөөр шагнууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-12-31 12:00:35
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ОБГ-ын Эрэн хайх, аврах бүлгийн аврагч-тэсэлгээчин, нохой хөтлөгч, ахлах ахлагч У.Баатархүү Онцгой байдлын 2020 оны “Онц гавьяатан” алба хаагчаар шалгарч, 16,0 сая төгрөгөөр шагнууллаа.

Монгол Улсын Шадар сайдын баталсан журмын дагуу 2018 оноос онцгой гавьяа байгуулсан Онцгой байдлын алба хаагчдад ийнхүү мөнгөн урамшуулал олгодог болжээ.

Энэхүү журмын дагуу 2020 онд гамшиг, осол, аюулт үзэгдлийн бүс болон хүний гоц халдварт өвчний голомтод аврах, эмчлэх, сувилах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд эр зориг, мэргэжлийн ур чадвар гарган оролцсон зургаан алба хаагчийг шалгаруулжээ.

Энэ шагналын эзнээр шалгарсан тус аймгийн ОБГ-ын алба хаагч, ахлах ахлагч У.Баатархүү нь эрэн хайх аврах ажиллагааг шуурхай зохион байгуулахад анхаарч, эрэлч нохойгоо сурган түүнийг сургахад хэрэглэгддэг тоног төхөөрөмж, хэрэглүүрийг хийж ашигладаг байна.

2020 онд 18 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж 36 хүний амь аварч, 150 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж, Хулд сумын “Ар цагаан” гэдэг газрын “Баян булаг” нөхөрлөлийн жоншны уурхайн 20 метрийн гүнд дарагдсан хүнийг гаргаж, Сайнцагаан суманд алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг эрэлч нохойн хамтаар гүйцэтгэж, 83 настай иргэний амийг авран хамгаалсан.

Тэрээр Онцгой байдлын албанд 14 дэх жилдээ ажиллаж байгаа ба ажиллах хугацаандаа давхардсан тоогоор 1079 удаагийн томилгоот ээлжинд үүрэг гүйцэтгэн, гамшигт үзэгдлийн 169 удаагийн дуудлагаар ажиллаж, 2458 хүний амь, 3500 гаруй толгой малыг цасан болон шороон шуурганд уруудахаас сэргийлсэн ажээ. 

相关新闻