О.Одгэрэл: Компанийн орлого 40-50 хувь буурсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-12-31 12:08:22
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Улс орон даяар коронавирусний халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх бүх нийтийн бэлэн байдал болон өндөржүүлсэн бэлэн байдлын үед Дундговь аймгийн иргэдийн хүнсний хэрэгцээг хангадаг “Мандалговь хүнс” ХХК тогтвортой үйл ажиллагаагаа явуулж, орлого буурсан ч ажилчдаа 100 хувь ажиллуулж, цалинг нь олгож байгаа аж.

Тус үйлдвэрийн үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдлын талаар тус үйлдвэрийн менежер О.Одгэрэлтэй ярилцлаа.

-Улс орон даяар коронавирусний халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх бүх нийтийн бэлэн байдал болон өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, олон аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагууд ажиллаж чадахгүйд хүрч байна. Танай үйлдвэрийн хувьд нөхцөл байдал ямар байна вэ?

-Манай үйлдвэрийн хувьд ямар ч байсан ажилчдаа 100 хувь ажиллуулж байна. Мэдээж өнгөрсөн хоёрдугаар сараас эхлээд л орлого буурсан.

Засгийн газар болон аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу орон нутагт архи, согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдан борлуулахыг хориглосон. Түүнээс гадна манай үйлдвэр сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрт бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоосноор манай үйлдвэрийн үйл ажиллагаанд шууд л нөлөөлж байгаа юм.

Тиймээс үйлдвэрийн орлого үндсэндээ 40-50 хувиар буурлаа. Гэхдээ манайх ажилчиддаа цалинг нь бүрэн олгож байгаа. Хэдийгээр ажилчдын ачаалал бага байгаа ч гэсэн ингэхээс өөр аргагүй. Ерөнхийдөө байдал хүндхэн л байна.

-Танай үйлдвэр хэдэн ажилтантай вэ, үйлдвэрийнхээ тухай танилцуулах уу?

-Манайх 42 ажилтантай, үйлдвэрлэлийн зургаан цехтэй, аймгийн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан 60 гаруй нэр төрлийн талх, талхан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. 

Үйлдвэр маань 1995 онд байгуулагдсан. Социализмын үед манай аймагт “Говийн тэнгэр” гэж хүнсний ганц үйлдвэр байлаа шүү дээ. Тэгээд 1990 оноос хойш тэр үйлдвэрийг хувьчилж, сүүлдээ бүр ажиллахаа больсон.

Харин одоо бол манайх хамгийн олон ажилтантай, аймгийн хувьд ганц л үйлдвэр гэж болно. Хүнсний үйлдвэрлэл явуулдаг жижиг үйлдвэрүүд сүүлийн жилүүдэд бий болж байгаа. Гэхдээ техник, технологи, үйлдвэрлэл, бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээ, ажилчдынхаа тоогоор бол манайх шиг үйлдвэр аймагт байхгүй.

2000 онд Монгол Улсын "Хүнсний манлай үйлдвэр" болж, улс, бүс, аймгийн олон үзэсгэлэн худалдаа, уралдаан тэмцээнд оролцож, "Шилдэг бүтээгдэхүүн"-ий шагналуудыг авч байсан. 

Үйлдвэрийн маань амжилт бол манай захирал Д.Мягмартай, түүний сэтгэл, хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой. Компанийг үүсэн байгуулсан цагаас л бүтээгдэхүүнийхээ нэр төрөл, тоо хэмжээг тасралтгүй өсгөж, иргэдийг чанартай, эко хүнсээр хангах гэж хичээж байгаа.

-Танай үйлдвэрийг “Хүнсний манлай үйлдвэр” гэдгээр нь аймагт бүх л хүн мэддэг, бүтээгдэхүүнүүдийг нь хэрэглэдэг. 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэхээр их олон төрлийн бүтээгдэхүүнтэй юм байна. Заримаас нь танилцуулбал?

-Өнгөрсөн хугацаанд техник технологийн шинэчлэл тогтмол хийж, жил бүр тодорхой хөрөнгө оруулалтыг төлөвлөн хэрэгжүүлж,  бүтээгдэхүүн ажил үйлчилгээгээ  тасралтгүй хөгжүүлж байна. Ер нь бол бүтээгдэхүүний дөч гаруй хувь нь эмчилгээ сувилгаанд нийцсэн талх, сүүн бүтээгдэхүүн байдаг.

Манай үйлдвэр Дундговь аймгийн талх, талхан бүтээгдэхүүний хэрэглээний 60-70 хувийг, нарийн боовны 40 орчим хувийг дангаараа үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэдэг. Өдөр тутмын хэрэгцээт бүтээгдэхүүн талх, нарийн боовноос гадна бялуу үйлдвэрлэдэг.

2018 онд энэ үйлдвэрлэлдээ шинэ технологийг нэвртүүлснээр 2019 онд тухайн үйлдвэрлэлийн борлуулалтыг хоёр дахин нэмэгдүүлж чадсан. Хэрэглэгчдийн хэрэгцээнд тулгуурлан талх, нарийн боовны үйлдвэрлэлдээ бүхэл үрийн болон хөх тарианы гурил зэрэг үр тариа эрдэс, эслэг, амин дэмийн агууламж өндөртэй түүхий эдийг түлхүү ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон.  

2020 онд гэхэд л “Онги” бүхэл үрийн талх, “Мандалговь” жигнэсэн гурил гэсэн хоёр төрлийн бүтээгдэхүүнийг шинээр гаргалаа.

“Онги” бүхэл үрийн талх бол бүхэл үрийн гурилын агууламжийг 80 хувьд хүргэж үйлдвэрлэснээрээ онцлогтой байхад "Мандалговь” жигнэсэн гурил нь хоёрдугаар гурил болон бүхэл үрийн гурилыг зохистой хэмжээнд хольж үйдлвэрлэснээрээ онцлог.

2010 онд БНХАУ-ын HITEL компанийн чихэр үйлдвэрлэх иж бүрэн шугамыг ашиглалтад оруулан “Онги” нэрийн хатуу чихэр үйлдвэрлэснээр аймгийн анхны импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хамт олон болсон.

1998 онд “Онги” брэндийн архи, 2003 оноос “Онги” нэрийн цэвэр усыг тасралтгүй үйлдвэрлэж байна. Дээрх бүтээгдэхүүнүүдийг худалдаанд гаргаснаар Дундговь аймгийн Онгийн голын нэрээр нэрлэгдсэн “Онги” брэндийг бий болгохыг зорьж байна.  

Мөн 2002 онд анх хоногт 40 литр сүү хүлээн авч боловсруулах хүчин чадалтай сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах цех байгуулж байсан бол өнөөдөр хоногт 500 л сүү хүлээн авч боповсруулах цех болж өргөжсөн. Компанийнхаа саалийн ферм, харилцагчдаас сүү хүлээн авч ундны сүү, тараг, зөөхий, цөцгийн тос, аарц, ааруул, шар тос, цагаан тос зэрэг бүтээгдэхүүнийг уламжлалт болон үйлдвэрийн аргаар боловсруулан хэрэглэгчдэд хүргэж байгаа.

-Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болохоор бүтээгдэхүүнийхээ шинжилгээг хаана, яаж хийдэг вэ?  

-Манайх дотроо дотоод хяналтын лабораторитой. Компанийн лабораторийг 2016-2018 онд  хими, микро биологийн гэсэн хоёр хэсэг болгосон. Орчин үеийн иж бүрэн шинжилгээ судалгааны аппаратур, багаж хэрэгслийг ашиглалтад оруулан, дотоод хяналтын лаборатори болгон зохион байгуулж, 2018 онд ISО/IEC17025:2015 чанарын шаардлагыг хангаж гэрчилгээ авсан.

Ер нь манай үйлдвэр аль болохоор хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд нийцсэн, шинэлэг бүтээгдэхүүнийг гаргахын тулд технологи, тоног төхөөрөмжөө байнга шинэчилдэг, тийм ч учраас зах зээлийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж яваа гэж боддог.

Энэ ч утгаараа улс, аймгийн хэмжээнд бүтээгдэхүүнүүд маань маш олон шагнал хүртэж байсан. Чамгүй амжилт гаргасан. Хамгийн гол нь аймгаараа манай үйлдвэрийг мэддэг, бүтээгдэхүүнийг маань худалдан авдаг гэхээр бид аймагтаа брэндийг бий болгож чадсан л гэж боддог. Дэлхийн технологиор Дундговийн брэндийг үйлдвэрлэнэ гэдэг бол манай уриа юм шүү дээ. 

-Засгийн газраас өнөөгийн нөхцөл байдалд аж ахуйн нэгж байгууллага, айл өрхүүдийн цахилгаан, дулаан, усны төлбөрийг тэглэх шийдвэр гаргасан. Энэ нь танай байгууллагад их нэмэр болж байгаа байх аа?

-Энэ уг нь маш зөв шийдвэр. Гэхдээ манай байгууллага тусгай зөвшөөрөлтэй учраас энэ шийдвэр бидэнд үйлчлэхгүй. Би нэг л юмыг ойлгохгүй байгаа юм.

Энэ коронавирусний үед чинь нөгөө тусгай зөвшөөрөл маань хэрэглэгдэхгүй байгаа шүү дээ. Архи, согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдан борлуулахыг зөвшөөрөхгүй, хэчнээн сар хорилоо. Тэгэхээр чинь үндсэндээ үйлдвэрийн орлого маш муу байгаа гэсэн үг. Нэгэнт тусгай зөвшөөрлөөрөө зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийг хорьж байгаа юм чинь энэ хугацаанд тэр дулаан, цахилгаан, усны төлбөрийг тэглэсэн шийдвэр нь бидэнд яагаад үйлчилж болохгүй байх вэ дээ.

Энэ хугацаанд бид мөн л адилхан хөл алдчихгүй байхыг л хичээж, ажилчдынхаа амьдралыг ч дор оруулчихгүй л байхын төлөө чармайж байна. Хэрэв цаашдаа энэ байдлаараа үргэлжилбэл улам л хэцүү болох шинжтэй байна. Ер нь иргэдийн маань худалдан авах чадвар ч буурч байгаа нь ажиглагдаж байгаа шүү.

-За баярлалаа. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.

 

 

 

 

 

相关新闻