Хуримтлал, зээлийн бүлгүүд 10 өрхөд тусламж үзүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. "Нийгмийн Түншлэлийн сүлжээ" ТББ-ын Хуримтлал, зээлийн бүлгүүд орлого багатай, амьжиргааны түвшин доогуур айл өрхүүд болон ахмад настанд туслах санаачилга гарган сэтгэлийн дэм үзүүллээ.
Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдал болон
өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин хөл хорионы дэглэм тогтоосон нь иргэдийн
амьжиргаанд хүндхэн тусч байгаа.
Тиймээс өөрсдийн оролцоо, санаачилга дээр тулгуурлан
байгуулсан хуримтлал зээлийн бүлгүүд хүнд нөхцөлд амьдарч буй иргэдэд ийнхүү тусалж байгаа ажээ.
Тодруулбал, Б.Цэцэгсайхан ахлагчтай “Арвин сан” хуримтлал,
зээлийн бүлгийн хамт олон Сайнцагаан сумын Айраг, Мандал багийн өндөр настан,
хөгжлийн бэрхшээлтэй таван өрхөд, Бямбаа ахлагчтай “Бурзай” бүлгийн хамт олон
Боржигон, Зоо, Аривжих багийн эмзэг бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй
таван өрхөд түлшний мод болон хүнс, амны хаалт, дархлаа дэмжих бүтээгдэхүүн хандивласан.
Иргэд санаачилгаараа нэгдэн нийлж, санхүүгийн бэрхшээлтэй
асуудлаа шийдвэрлэх мэдлэг чадварыг “Нийгмийн түншлэлийн сүлжээ” ТББ тэдэнд
олгож, одоо Дундговь аймгийн хэмжээнд хуримтлал зээлийн зургаан бүлэг ажиллаж
байна.
Гишүүд өөрсдөө сайн дураараа нэгдэж, дүрмээ батлан сар
бүр хуримтлал үүсгэж, бэлэн мөнгөний хэрэгцээтэй гишүүндээ зээл олгож, жил бүр
ашгаа хуваарилж, орлогоо нэмэгдүүлж байдаг эдгээр бүлгүүд тус бүр 18-20
гишүүнтэй, зургаан бүлгийн нийт хуримтлал 34,0 сая төгрөг болжээ.
Бүлгийн гишүүд ийнхүү нэгдсэнээр зөвхөн эдийн засгийн
хэрэгцээгээ хамтран шийдээд зогсохгүй нэг хамт олон болж, сар бүр уулзаж, хамтдаа
суралцаж, хамтдаа хөгжиж, нийгэмд нөлөөллийн үйл ажиллагааг хамтран
хэрэгжүүлдэг аж.