Ирэх таван жилийн хөгжлийн бодлогоо тодорхойлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-12-28 19:59:02
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ИТХ-ын гуравдугаар хуралдаан 12 дугаар сарын 28-нд хуралдаж, ирэх таван жилийн хөгжлийн бодлогоо тодорхойлж байна.

ИТХ-ын өмнөх хуралдаанаар Дундговь аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлахаар Тэргүүлэгчдийн хурлаас оруулж ирсэн хэдий ч дахин хэлэлцэхээр хойшлуулсан юм.

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат ажлаа аваад удаагүй байсан учраас үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хойшлуулж, харин Аймгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг тус хуралдаанаар хэлэлцэж, иргэдээс дахин санал авахаар хойшлуулсан.  

Тиймээс өнөөдөр аймгийн ИТХ дахин хуралдаж, дээрх асуудлуудыг хэлэлцэж байна. Тодруулбал, өнөөдрийн хуралдаанаар “Дундговь аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, төлөвлөгөө батлах тухай”, “Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай”, “Аймгийн хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай”, “Өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээг батлах тухай”, “Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай” асуудлуудыг хэлэлцэж байгаа аж.

Дундговь аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл нь найман зорилгын хүрээнд 51 зорилт дэвшүүлж, 187 үйл ажиллагааг, харин аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр нь зургаан бүлгийн 25 салбар, 20 зорилго, 45 зорилт түүнийг хэрэгжүүлэх 201 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тус тус төлөвлөсөн байна.

Ийнхүү Дундговь аймгийн ирэх таван жилийн хөгжлийн асуудлыг тодорхойлох бодлого энэ удаагийн хуралдаанаар тодорхой болох юм. Хуралдаан үргэлжилж байна.

相关新闻