"Билгүүн сүлд" ТББ 108 хүүхдийг баярлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-06-02 14:34:47

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баяраар "Билгүүн сүлд" ТББ-аас санаачлан “Сэтгэлийн 108 бэлэг” сайн үйлсийн аяныг өрнүүлж, амьдралын түвшин доогуур амьдралтай, хагас болон бүтэн өнчин, бусдын асаргаанд байдаг 108 хүүхдийг баярлууллаа.

Сэтгэлийн 108 бэлэг аян 5 сарын 20-ноос 5 сарын 31-нийг хүртэл үргэлжилсэн. Хүмүүс бэлэн мөнгө болон шинэ хувцас, эд хэрэглэл, бэлэг зэргийг хандивлажээ. 800 орчим мянган төгрөг, 226 нэр төрлийн шинэ хувцас, 60 ширхэг боосон бэлэг цуглажээ.  Аймгийн НХҮХ-ийн судалгаан дээр үндэслэн 108 хүүхдийг сонгож авсан байна. Аймгийн төв дээр үйл ажиллагаа явуулдаг үсчний газруудтай хамтран эхний ээлжинд хүүхдүүдийнхээ үсийг үнэ төлбөргүй засуулж, хамтад нь шинэ хүүхэлдэйн кино үзүүлж, төгсгөлд нь бэлэг болон бусад зүйлсийг гардуулжээ. Энэ нь тус хүүхдүүдийн хувьд хэзээ ч мартахааргүй сайхан баярын дурсамж болон үлджээ.

"Билгүүн сүлд" ТББ-ыг үүсгэн байгуулагч Э.Сугар-Эрдэнэ нь талийгаач хүүдээ зориулан, хүүгийнхээ нэрээр нэрлэн тус төрийн бус байгууллагыг байгуулсан бөгөөд үйл ажиллагааны чиглэл нь хүүхэд багачуудыг дэмжиж, тэдэнд туслах явдал. Бяцхан хүүхэд багачуудын баярлан хөөрч, нүүрэнд нь аз жаргал, баярын мишээл тодрон буй тэр л мөчийг харах нь түүний амьдралын дахин давтагдашгүй сайхан мэдрэмж байдаг юм.

Билгүүн сан ТББ нь шинэ жилийн баяраар буюу 2015 оны 12 сарын 31-ний өдөр мөн 108 хүүхдийг баярлуулж байсан билээ. Цаашид хүүхдийн төлөө олон олон ажлыг хийхээр төлөвлөөд байгаа гэнэ.

Т. Одончимэг

相关新闻