БОЭТ-ийн Халдвартын тасагт 25 ор дэлгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн удирдлагууд БОЭТ-ийн үйл ажиллагаа болон бэлэн байдалтай энэ сарын 23-нд танилцлаа.
БОЭТ нь 69 их эмч, 103 сувилагч тусгай мэргэжилтэн, бусад ажилтан 54 гээд нийтдээ 258 ажилтантайгаар иргэддээ 20 гаруй төрлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. "Ковид-19" халдвар улс оронд тархсан үед бэлэн байдал хангаж халдвартын тасагтаа 25 ор дэлгэсэн байна. Шаардлагатай тохиолдолд төрөх тасгаас бусад тасгийг нүүлгэн өвчтөн хүлээн авах бэлэн байдлыг хангаж, эрсдэлийг тооцон ажиллаж байгаа аж. Хүний нөөцөө хоёр ээлжинд оруулж, иргэдийн эргэлтийн хуваарь гарган, эрүүл болон халдвартай тохиолдол гэсэн бүсчилсэн зохион байгуулалт хийжээ.
БОЭТ-ийн хамт олны зүгээс аймгийн удирдлагуудад хандан туулах чадвартай түргэн тусламжийн машин, хог хаягдал халдваргүйжүүлэх техникийн асуудлыг шийдэж өгөхийг хүслээ. Онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа эмнэлгийн хамт олонд өөрсдийн эрүүл мэнддээ анхаарч байхыг захиад, хүн ардынхаа энхийн манаанд цаг наргүй зүтгэж байдаг тус салбарын үйл ажиллагааг Засаг даргын зүгээс үргэлж дэмжинэ гэдгээ хэллээ.