"Сум хөгжүүлэх сан"-гаас авсан зээлийн эргэн төлөлтийг хойшлууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-12-22 13:38:38

Өмнөговь /МОНЦАМЭ/ Даланзадгад сумын Онцгой комисс хуралдаж "Сум хөгжүүлэх сан"-гаас 2018, 2019 онд зээл авсан иргэдийн зээлийн хүү болон зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахаар боллоо.

Энэ сарын 1-нээс ирэх оны 6-р сарын 1 хүртэл 6 сарын хугацаатай зээлийн эргэн төлөлтийг чөлөөлж, хойшлуулах шийдвэр гаргасан байна. Даланзадгад сумын орлогч дарга Д.Ганзориг "Зээл авсан цагаас хойш зээлийнхээ эргэн төлөлтийг хийж байсан болон цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуй нэгж, иргэдийн зээлийн эргэн төлөлтийг зургаан сарын хугацаатайгаар хойшлуулж байна. Үйл ажиллагаа нь тогтвортой зарим аж ахуй нэгжүүд зээлийнхээ эргэн төлөлтийг цаг тухайд нь хийгээд явах, зээлээ хойшлуулах нь тухайн иргэдийн эрх юм. Харин цар тахлаас үл хамааран зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй иргэдэд уг шийдвэр хамаарахгүй" гэлээ.

2018 онд 230 саяыг 11 иргэн, 2019 онд 246 саяыг 10 иргэн Сум хөгжүүлэх сангаас авчээ.

相关新闻