Цахилгааны хэт ачааллаас үүдэж техникийн эвдрэл, саатал гарахыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-12-16 16:54:42
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймагт энэ сарын 14-нд Дэнж багт цахилгааны хэрэглээ огцом өсөж тог тасарчээ. Мөн Цагаанчулуут, Шанд, Наран багт өдрийн цагаар техникийн ажил хийсний улмаас  цахилгааныг нь түр тасалсан гэж “ЭБЦТС ТӨХК-ийн ашиглалтын инженер Д.Мөнх-Эрдэнэ хэлэв.

Эрдэнэт хотод 13,14,15-ны өдөр хязгаарлалт хийсэн тохиолдол гараагүй байна. Гэсэн ч нийт шугам тоноглолын ачаалал 80-90 хувьд хүрчээ. Хэт их ачааллаас үүдэн техникийн эвдрэл, саатал гарах, аймгийн хэмжээнд цахилгааны хязгаарлалтад орж болзошгүй байдалд хүрснийг анхааруулав. Эрчим хүчний зүй зохистой хэрэглээг хэвшүүлэх, өдөр, шөнийн бага ачаалалтай үеэр хэрэглэж, хэмнэлт хийх шаардлагатай болж байна. Эрчим хүчний компаниас оргил ачааллын үе 17-21 цагийн хооронд хэрэглээгээ нэмэхгүй байхыг иргэн, аж ахуй нэгжүүдэд уриалав. 

ЭБЦТС ТӨХК-ийн харьяа манай аймгийн 24 мянга орчим хэрэглэгч байдаг. Үүнээс 13 мянга нь гэр хорооллын айлууд, 6500 орчим нь орон сууцны хэрэглэгч байгаа аж. Гэр хорооллын хэрэглэгчдийн 90 гаруй хувь нь тус компанид харьяалагдаж байна.

相关新闻