Мал тооллогыг халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Мал тооллогыг энэ сарын 17-27-ны өдрүүдэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан зохион байгуулахаар боллоо.
Тус аймгийн Статистикийн хэлтсийн мэдээлж байгаагаар, аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас 3550 ширхэг амны хаалтыг хүлээн авч, сумдын мал тооллогын комисс руу хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна гэлээ. Статистикийн тухай хууль, Засгийн газрын 2003 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 224 дүгээр тогтоолоор мал, тэжээвэр амьтны тооллогыг жил бүрийн 12 дугаар сарын 07-17-ны өдрүүдэд явуулж ирсэн. Энэ оны хувьд "Ковид-19" халдварын тархалтын улмаас энэ сардаа багтаан мал, тэжээвэр амьтны тооллогыг явуулахаар болсон аж.
Өмнөговь аймагт 2019 онд жилийн эцсийн мал тооллогоор нийт 3000303 толгой мал тоолуулсан нь 2018 оны жилийн эцсийн тооллогоос 401.8 мянган толгойгоор өссөн үзүүлэлттэй байна.