Маргаашнаас тэтгэвэр нэмэгдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-05-31 20:06:20

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, тэтгэврийн хэмжээг 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс нэмэхээр шийдвэрлэлээ.

Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийг 21 мянган төгрөгөөр нэмнэ. Мөн нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийн доод хэмжээг 251 мянга, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 216 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоов.

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж, 2016 онд дундаж тэтгэврийг 300 мянган төгрөгт хүргэхээр тусгасан. Тэтгэврийг ийн нэмэгдүүлснээр дундаж тэтгэвэр 306,2 мянган төгрөгт хүрч, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт биелэх боломжтой болж байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг Засгийн газрын 2014 оны 15, 2015 оны 52 дугаар тогтоолоор 20-22 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлж байсан юм.

Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо

Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сард 140 мянга, асаргааны тэтгэврийн хэмжээг сард 64 мянган төгрөг байхаар тогтоолоо. Өөрөөр хэлбэл, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 10 орчим хувиар нэмэгдүүллээ.

Нийгмийн халамжийн тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэжээгч нь нас барсан хагас болон бүтэн өнчин хүүхдүүд зэрэг төрөөс анхаарал халамж шаардлагатай 60 орчим мянган иргэн авч байгаа юм. Түүнчлэн байнгын асаргаатай иргэний халамжлагч болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 45 мянга гаруй иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр авдаг байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

相关新闻