10 мянган толгой бог мал худалдан авах гэрээ хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Малын тарга хүч муу байгаагийн улмаас дундаас доош тарга хүчтэй 10 мянган толгой бог мал худалдан авахаар компаниудтай гэрээ хийлээ.
Тус аймагт зун, намартаа гандуу байсны улмаас малчид отор нүүдэл их хийж байна. Үүнээс гадна малчид малаа зах зээлд нийлүүлэх гэхээр дундаас доош тарга хүчтэй байгаа тул авах газар олдохгүй байна гэх гомдол ихээр ирж байгаа аж. Энэхүү асуудлыг шийдэж Уул уурхай, дэд бүтэц, байгаль орчин хариуцсан Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат "Дөрвөн компанитай гэрээ байгуулан дундаас доош тарга хүчтэй малыг худалдан авч зах зээлд нийлүүлэхээр боллоо. Үүнд хамгийн их гантай байсан сумдын малчдаас малыг нь авахаар төлөвлөж байна. Ингэснээр бусад сумын малчид дундаас доош тарга хүчтэй малаа худалдан борлуулах үнэ ханш тогтож байгаа юм" гэлээ. Гэрээ байгуулсан компаниуд нийтдээ 130 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байгаа юм.