Эмнэлгүүд усан хангамжгүйн улмаас олон хүн халдвар авах эрсдэлтэй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЖЕНЕВ. /TASS/. Дөрвөн эмнэлэг тутмын нэг нь усан хангамжгүй бол гурван эмнэлэг тутмын нэг нь гар ариутгалын хэрэгслээр хангагдаагүй байна.
Үүний улмаас 1.8 тэрбум хүн коронавирус, бусад халдварт өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр байгааг ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангийн тайланд
дурджээ.
“Эрүүл мэндийн байгууллагуудад усан хангамжийн наад захын шаардлага хангагдаагүйн улмаас 1.8 тэрбум хүн
коронавирус, бусад өвчнөөр халдварлах өндөр эрсдэлтэй. Цэвэр ус, эрүүл ахуй, ариун цэврийг сахих нь эрүүл
мэндийн ажилтан, өвчтөнүүдийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг
хэдий ч эдгээр үйлчилгээнд гойд ач холбогдол өгдөггүй” хэмээн тайланд онцлон дурджээ.
Эмч, сувилагч нар эмнэлгийн эрүүл ахуй зохих ёсоор хангагдаагүй нөхцөлд ажиллах нь хамгаалалтын хэрэгсэлгүй ажиллахтай адил юм гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус мэдэгдсэн байна. Усан хангамж, эрүүл ахуйн наад захын шаардлагыг хангах, ариун цэврийг бүрэн сахих нь коронавирусний халдварт өвчинтэй тэмцэхэд чухал ач холбогдолтой хэдий ч буурай хөгжилтэй 47 оронд эдгээр асуудал бүрэн шийдэгдээгүй хэвээр байгааг тэрбээр мөн сануулан дурджээ. Ийм улс орнуудад хоёр эмнэлэг тутмын нэг нь ундны усгүй бол дөрвөн эмнэлэг тутмын нэг нь гар ариутгалын хэрэгслээр хангагдаагүй байгааг илтгэлд цохон тэмдэглэсэн байна.