Германд тогтоосон хязгаарлалтыг чангатгаж байгааг мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-12-14 09:17:59

БЕРЛИН. /DW/. Германы эрх баригчид коронавирусний нөхцөл байдалтай холбогдуулан 12 дугаар сарын 16-наас нэгдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хязгаарлалтын арга хэмжээг чангатгахаар тохиролцов гэж тус улсын Канцлер Ангела Меркель бүс нутгийн удирдагчидтай хийсэн бага хурлын дараа мэдэгдэв.


Меркелийн мэдэгдсэнээр, лхагва гаргаас хүнсний болон өдөр тутмын бараа бүтээгдэхүүн борлуулдаг дэлгүүрүүдээс бусад жижиглэнгийн худалдааны бүх дэлгүүр түүнчлэн үсчинг хаана. Шинэ жилийн баярын үеэр пиротехникийн хэрэгсэл худалдаалахыг хориглож, Дотоод хэргийн яам холбогдох захирамжийг гаргахаар болжээ.


“Хоёр өрхийг төлөөлж таваас дээшгүй хүнтэй гэр бүлийн ​​уулзалт хийхийг зөвшөөрнө. Энэ журам зөвхөн 12 дугаар сарын 24-26-ны хооронд мөрдөгдөхгүй. Шинэ жилийн баярын үеэр /12 дугаар сарын 31, нэгдүгээр сарын 1-нд/ олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглоно” гэж Меркель хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна.  


Германы эрх баригчид олон нийтийн газар согтууруулах ундаа зарах, мөн түүнийг борлуулдаг байгууллагуудын ойролцоо хоол хүнс хэрэглэхийг хоригложээ. Ингэрснээр нийтийн хоолны газрууд зөвхөн үйлчлүүлэгч захиалгаа авч явах, хүргэлт хийх зорилгоор ажиллах боломжтой болж буй юм. Зул сарын баярын уламжлалт зах дээр халуун дарс, чихэр болон бусад хоол хүнс зардаг хүмүүсийг цугларахаас сэргийлэхийн тулд хязгаарлалтыг ингэж чангатгажээ.


“Ажил олгогч нарт ажилтнуудаа цахимаар ажиллах боломжоор хангахыг уриалж байна” гэж Меркель нэмж хэлжээ.


Эдийн засгийн дэмжлэгийн тухайд хязгаарлалтын арга хэмжээний улмаас хохирол амссан компаниудад төрөөс үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэхээр болжээ. Тусламжийн дээд хэмжээг 200-500 мянган еврогоор нэмэгдүүлэх боловч дампуурах эрсдэлтэй байгаа компаниудад л тусална. Мөн барааны үнийн алдагдлын нөхөн төлбөрийг өгөхөөр болсон байна.


Роберт Кохагийн нэрэмжит хүрээлэнгийн мэдээллээр, Германд халдвар авсан хүний 1 320 716-д хүрч, 21 787 өвчтөн нас барсан бол 967 мянга гаруй хүн эдгэрсэн байна.


相关新闻