Г.Дөлгөөн: Зээлийн хүүг бууруулах нөхцөлийг хангаж байгаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2020-12-13 16:01:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Аж ахуйн нэгж байгууллагаас хэрэглээний болон бизнесийн зээлийг ипотекийн зээлтэй адил зарчмаар хойшлуулах хүсэлт ирүүлж буйг биелүүлэх боломжгүйг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн хэвлэлийн хурлын үеэр онцлов.


Тэрбээр банкны салбар хувийнх тэр дундаа банканд төвлөрүүлж байгаа мөнгө иргэдийн хадгаламж учир ямар нэг эрсдэлд оруулж болохгүй хэмээлээ.


Төвбанк мөнгөний бодлогын хүүг 6 хувь болж бууруулсан ч арилжааны банкуудын зээлийн хүү 18-19 хувь хэвээрээ байгаа талаар сэтгүүлчийн асуултад Г.Дөлгөөн хариулахдаа, “Монголбанк өөрийн 3, хараат бус 4 гишүүнээс бүрдсэн бодлогын хороогоороо шийдвэр гаргадаг. Бодлогын хүүг бууруулснаар “Өргөс авсан мэт” шийдвэрт шууд нөлөөлөхгүй. Нэг талдаа хадгаламжийн хүү нэг оронтой тоонд орлоо. “Хаан банк” гэхэд хадгаламжийн хүүгээ 9,8 хувь болгож бууруулсан нь зээлийн хүү бууруулах нөхцөл хангаж байгаа хэрэг” гэв.


Тэрбээр, “Өнгөрсөн оны 2 дугаар сараас коронавирусний хөл хориотой холбоотой 5,5 их наяд төгрөгийн зээл өртлөө. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нэг сард энэ дүн нэмэгдэж 4,7 их наяд болсон. Банкууд хүсэлт хүлээж аваад одоогоор ипотекийн зээлээс гадна 1,2 их наяд төгрөгийн зээлийг шийдвэрлэсэн. Энэ сарынхтай нийлээд 3 их наяд төгрөгийн зээлийн гэрээг судалж байна. Нэгтгэсэн тооноос харахад татгалзсан дүн байхгүй. Хугацаа хоцорсон муу зээлийн бүртгэл хийхгүй байгаа” хэмээлээ.


Ипотекийн зээлийн хувьд үндсэн төлбөр, зээлийн хүүг хоёуланг нь хойшлуулсан хугацаандаа төлөх аж. Өнгөрсөн нэг сард нийт 38,8 мянган иргэний 2,1 их наяд төгрөгийн зээлийн хүсэлт ирснээс 33,9 мянган зээлдэгчийн 1,9 их наяд төгрөгийн зээлийг шийдвэрлэжээ. 

相关新闻