“Оны шилдэг эрэгтэй тоглогч”-оор Н.Наранболд тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ноос жил бүрийн 12 дугаар сарын 12-нд Монголын хөл бөмбөгийн оны шилдгүүдийг тодруулдаг уламжлалт ёслол бямба гарагт /2020.12.12/ цахимаар боллоо.
Дэлхий нийтээр тархаад байгаа "COVID-19" цар тахлын улмаас энэ жил шилдгүүдийг шалгаруулах ёслол ийнхүү цахимаар явагдаж, SPS Television орон даяар шууд дамжуулан үзүүлсэн юм.
Монголын хөл бөмбөгийн спортыг дэмжигч, шимтэн үзэгч, сонирхогч та бүхэндээ МХБХ-ны Оны шилдгүүдийг танилцуулж байна.
МХБХ-ны оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг 2020” Виртуал ёслолын ажиллагааны “Алтан шүгэл” номинацийн эзнээр ОУХБХ-ны шүүгч, АХБХ-ны Элит шүүгч Б.Хаш-Эрдэнэ тодорлоо.
Үндэсний дээд лиг 10, Үндэсний нэгдүгээр лигийн 10 багийн
ахлагч, ахлах дасгалжуулагчдаас санал авч “Алтан шүгэл” номинацийн эзнийг
тодруулахад Б.Хаш-Эрдэнэ 99 оноо авч тэргүүлсэн. ОУХБХ-ны шүүгч Д.Түмэнбаяр 68,
ОУХБХ-ны шүүгч, АХБХ-ны Футзалын элит шүүгч Р.Жаргалсайхан 54 оноо авч шилдэг гуравт шалгарчээ.
Эмэгтэйчүүдийн лигийн аварга “Дэрэн” клубийн дасгалжуулагч В.Мөнхжаргал 2020 оны “Шилдэг эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч”-аар шалгарлаа.
В.Мөнхжаргал нийт 113 оноо авч тус номинацын эзэн болсон
бол “Туулын Том Тулнууд” багийн дасгалжуулагч Г.Тулгабаяр 85 оноо, “Арвис”
багийн дасгалжуулагч Г.Өнөбаяр 63 оноо авчээ.
“Алтан бөмбөг” ёслолын ажиллагаанд шинээр нэмэгдсэн “Оны шилдэг футзалын дасгалжуулагч” номинацийн анхны ялагчаар “Унаганууд” клубийн дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир шалгарлаа.
С.Эрдэнэ-Очир дасгалжуулагч 115 оноо цуглуулж, “Шилдэг
футзалын дасгалжуулагч”-аар тодорчээ. “Арвис” клубийн дасгалжуулагч Л.Банзрагч
67, “Хараацай” клубийн дасгалжуулагч Н.Баттулга 61 оноог тус тус авчээ.
“Туулын Том Тулнууд” клубийн Н.Дэлгэрзаяа 2020 оны "Шилдэг эмэгтэй тоглогч"-оор шалгарлаа.
Шилдэг эмэгтэй тоглогчийн төлөөх өрсөлдөөн тун
сонирхолтой өрнөсөн бөгөөд ялагч Н.Дэлгэрзаяа 39 оноогоор тэргүүлсэн. Харин
түүнтэй хамт шилдэг гуравт үлдсэн Ө.Ундрах 37 оноо, Э.Энхмаргад 35 оноо авсан юм.
Үндэсний дээд лигийн аварга “Атлетик 220” клубийн ахлах дасгалжуулагч Б.Гарьдмагнай “Алтан бөмбөг 2020” Виртуал ёслолын ажиллагааны “Оны шилдэг эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч” номинацийн эзэн боллоо.
Б.Гарьдмагнай нийт 199 оноотойгоор шилдэг дасгалжуулагч болсон бол “Улаанбаатар” клубийн дасгалжуулагч Б.Ганбат 99, “Хангарьд” клубийн дасгалжуулагч С.Пүрэвсүх 89 оноог тус тус авчээ.
Футзалын дээд лигийн мэргэн бууч, нэг тоглолтод 20 гоол
оруулж рекорд тогтоосон “Монголын тэмүүлэл” клубийн О.Оюунболд 2020 оны “Шилдэг
футзалын тоглогч” номинацийн эзэн боллоо.
О.Оюунболд футзалын дээд лигийн 11 багийн ахлагч, ахлах
дасгалжуулагчдаас нийт 52 оноо цуглуулж шилдэг тоглогчоор тодорлоо. Түүнтэй
хамт шилдэг гуравт үлдсэн “Унаганууд” клубийн тоглогч Э.Пүрэвдорж 42, “Арвис”
клубийн тоглогч А.Тэмүүлэн 39 оноо авсан юм.
“Алтан бөмбөг” ёслолын ажиллагааны хамгийн өндөр хүлээлттэй байдаг “Оны шилдэг эрэгтэй тоглогч” номинацийн эзнээр “Атлетик 220” клубийн довтлогч, Үндэсний дээд лигийн мэргэн бууч Н.Наранболд тодорлоо.
Н.Наранболд нийт 121 оноо авч, 2020 оны Монголын шилдэг
хөлбөмбөгчин боллоо. Түүнтэй хамт шилдэг гуравт үлдсэн “Дэрэн” клубийн тоглогч
А.Дөлгөөн 47 оноо, “Атлетик 220” клубийн тоглогч А.Тэмүүжин 33 оноо авчээ.
2020 оны улирлын “Шилдэг гоол”-оор “Атлетик 220” клубийн
довтлогч Н.Наранболдын “Улаанбаатар сити” багийн хаалганд оруулсан гоол
тодорлоо.
Олон нийтийн санал асуулгаар тодорсон “Шилдэг гоол”
номинацад Н.Наранболдын гоолын 620 санал, “Хангарьд” клубийн тоглогч
А.Базархүүгийн гоол 616 санал, “Хангарьд” клубийн тоглогч Ц.Мөнх-Эрдэнийн гоол
385 санал авч шилдэг гуравт үлдээд байсан юм