Гадаад худалдааны мэдээллийн нэгдсэн сан ашиглалтад орлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад худалдааны мэдээллийн нэгдсэн сан манай улсад өнөөдөр нээгдэж байна. Дэлхийн Банк Группийн дэмжлэгээр ГХЯ, Гаалийн ерөнхий газар (ГЕГ) хамтран шинээр байгуулж буй энэхүү мэдээллийн сан ашиглалтад орсноор худалдаа эрхлэх орчин, дэглэм журам илүү ойлгомжтой, ил тод тунгалаг болж, "COVID-19"-ийн цар тахлын үед худалдаа эрхлэх илүү таатай орчныг бичил, жижиг, дунд бизнес эрхлэгч нарт олгоно" гэдгийг Гаалийн ерөнхий газраас мэдээлж байна.
Вэбэд суурилсан мэдээллийн санг Монгол Улсын Гаалийн ерөнхий газар голлон хариуцан ажиллах юм. Тус сан нь гадаад худалдаатай холбогдох бүх төрлийн мэдээллийг хүссэн үедээ авах боломжийг худалдаа эрхлэгч нарт олгож байна. Одоогийн байдлаар тус санд худалдааны талаарх хууль тогтоомж, дүрэм журам, заавар, маягт, зөвшөөрлүүд, татвар хураамжууд болон бусад мэдээлэл оржээ. Түүнчлэн энэхүү сангаас:
- бизнесийн үйл ажиллагаагаа гадагш тэлэхээр төлөвлөж буй аж ахуй эрхлэгч нарт туслах байгууллага, институцуудын талаарх мэдээлэл,
- гадаад худалдааны гэрээ хэлэлцээр, зах зээлийг тандах,
- худалдаанд шинжилгээ судалгаа хийхэд экспортлогчдод хэрэгтэй баримт болон бусад арга хэрэгсэл зэргийг олж авах боломжтой.
“Гадаад худалдааны мэдээллийн нэгдсэн сан гадаад худалдаатай холбоотой бүх талын мэдээллийг түргэн шуурхай, нэг цэгээс авах боломжийг бүрдүүлнэ. Энэ замаар худалдааны эрх зүйн орчны ил тод байдлыг хангах, экспортыг дэмжих, худалдааг хөнгөвчлөхөд чухал ач холбогдолтой юм” гэдгийг Гадаад харилцааны сайд Н.Энхтайван тэмдэглэв. Tус мэдээллийн сангийн залгамж чанар, тогтвортой ажиллагааг хангахын тулд төр, хувийн хэвшилтэй нягт хамтран ажиллахад онцгой анхаарахаа тэрээр мэдэгдэж байна.
"Монгол Улс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байгаа энэ цаг үед худалдааны эргэлтийг хадгалах нь хүнс, эм, эмнэлгийн зэрэг өнөөдөр нэн чухал болоод буй хангамжийг тасалдуулахгүй байхад илүү ач холбогдолтой болоод байна” гэдгийг Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Руфат Алимарданов онцоллоо.
"Дэлхий нийтийг хамарсан "COVID-19"-ийн цар тахал дэлхийн худалдаанд урьд өмнө байгаагүй саад тотгорыг учруулж байгаа нь тодорхой. Тиймээс Монголын бизнес, ААН-үүд цар тахлын сөрөг нөлөөг даван гарч, үйл ажиллагаагаа сэргээхэд худалдааны мэдээллийн хүртээмжтэй байдал чухал юм" гэдгийг хэлж байна.
Монгол Улсын худалдааны чиглэлээр сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн шинэтгэлүүд нь худалдааг эрхлэх орчныг сайжруулж байна. Энэ сацуу Монгол Улсын нэгдэн орсон Дэлхийн худалдааны байгууллагын “Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр”-ээр хүлээсэн үүрэг амлалтуудын хэрэгжилтийг хангах боломжийг бүрдүүлж байна. Худалдааг хөнгөвчлөх шинэчлэлийг олон талын оролцоог хангасан Худалдааг хөнгөвчлөх үндэсний хороо түүчээлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд төр, хувийн хэвшлийн төлөөллүүд багтсан тус хороог ГХЯ даргалан ажиллаж байна. Худалдааг хөнгөвчлөх Үндэсний хорооны үйл ажиллагаанд хөгжлийг дэмжигч олон улсын байгууллагууд, үүний дотор Дэлхийн Банк Групп дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.