Амны хаалт зүүх журмыг зөрчсөн Чехийн Ерөнхийлөгч асныг торгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ПРАГА. /TASS/. Чехийн Ерөнхийлөгч асан Вацлав Клаус амны хаалт журмыг зөрчиж, 3000 кроноор /115 орчим евро/ торгуулжээ.
Чехийн үндэсний телевизээр мэдээлснээр, Клаус “хилэн хувьсгал”-ын 31 жилийн ойг тохиолдуулан 11 дүгээр сарын 17-нд Прага хотод зохион байгуулсан дурсгалын арга хэмжээний үеэр цагдаагийн ажилтны тавьсан амны хаалт зүүх шаардлагыг биелүүлээгүй байна. Шаардлагыг биелүүлээгүй тул протокол боловсруулж, Прага хотын эрүүл ахуй-өвчний тархалт судлалын газарт илгээжээ. Тус байгууллага коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг нийслэл хотын иргэд дагаж мөрдөж байгаа эсэхийг хянах үүрэгтэй аж.
Клаусаас гадна Чехийн Эрүүл мэндийн сайд асан Роман Примула, Ерөнхий сайд Андрей Бабишийн тэргүүлдэг ANO улс төрийн хөдөлгөөний орлогч дарга Ярослав Фалтнек нарт 3000 кроны торгууль ногдуулжээ. Зай барих журмыг зөрчсөний улмаас тэд сар хагасын өмнө дуулианы төвд орсон юм.