Аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаан хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-11-18 18:22:00
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Онцгой комисс өнөөдөр шуурхай хуралдаж, халдвар хамгааллын дэглэмээ чангатгах, урьдчилан сэргийлэх шийдвэрүүд гаргалаа.

Тус аймагтай хөрш зэргэлдээ Говьсүмбэр аймагт коронавирусний халдвар (COVID-19) гарсан нь батлагдсан тул тус сумтай хил залгаа оршдог Цагаандэлгэр, Говь-Угтаал, Өндөршил, Баянжаргалан дөрвөн сумаас аймгийн төв, бусад сум руу тээврийн хэрэгслээр орох гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглож, дээрх дөрвөн суманд аймгийн Онцгой комиссын гишүүдээс зөвлөх баг ажиллуулахаар болов.

Мөн Говьсүмбэр аймаг руу зорчсон, тус бүс нутгаас ирсэн хүмүүсийн судалгааг гаргах үүрэг өгч, маргаашнаас тэдгээр иргэдийг хяналтдаа авахаар боллоо.

Улаанбаатараас хүнсний бүтээгдэхүүн авч ирсэн жолооч нарт түргэвчилсэн оношлуураар ирэнгүүт нь оношилгоо хийж, түр тусгаарлах байранд 21 хоног тусгаарлах шийдвэр гаргасан.

Халдвартай бүс нутгаас зайлшгүй тохиолдолд тус аймгийн нутаг дэвсгэрт ирсэн хүмүүсийг мөн шинжилгээнд хамруулж, 21 хоног тусгаарлахаар боллоо.

Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга О.Бат-Эрдэнэ аймгийн Онцгой комиссоос гаргаж байгаа шийдвэрийг дагаж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлахыг иргэддээ хүслээ.

Тэрээр хэлэхдээ “Зарим нэг иргэд хулгайгаар халдвартай бүс нутгаас зорчиж, хүндрэл учруулж байгаа тул цаг алдалгүй тэднийг шуурхай илрүүлж, оношилгоонд хамруулж, байна. Ингэсэн тохиолдолд Гамшгийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцуулах болно. Хатуу зөөлөн аргыг хослуулан хэрэглэнэ. Манай иргэд өөрсдөө ухамсартай байж, цөөхөн хоногийн хугацаанд хол хорионы дэглэмийг чанд сахин биелүүлбэл олон хоног үргэлжлэхгүй байх боломжтой юм шүү. Халдвар хамгааллын дэглэм зөрчигдвөл хөл хорионы хугацаа сунах магадлалтай учраас иргэний үүргээ сайн биелүүлэх хэрэгтэй” гэсэн юм. 

相关新闻