Отроор очсон малчдаас татвар хураамж авахгүй байх чиглэл өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд өнөөдөр аймгуудын удирдлага, ХХААГ-ын дарга, мэргэжилтнүүдтэй цахим хурал хийлээ. Энэ үеэр аймгууд дахь хүнс, түлш шатахууны хангамж, малчдын отор нүүдлийн талаар ярилцсан юм.
Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж отроор яваа малчдыг хөөж дарамтлах, гэр орныг нь буулгах явдал зарим аймаг, суманд гарч байгааг ХХААХҮ-ийн сайдад уламжилж, уг асуудалд анхаарал хандуулахыг хүслээ. Мөн энэ асуудлыг улсын Онцгой комисст уламжилсан болохоо хэлэв. Дундговь, Дорноговь аймгийн Засаг дарга нар отроор очсон малчдад ямар нэг дарамт, шахалт үзүүлэхгүй, дэмжиж хамтарч ажиллана гэдгээ цахим хурлын үеэр мэдэгдлээ.
Мөн хурлаар отроор яваа малчдыг очсон газарт нь өвөлжүүлж, хаваржуулах, 4 дүгээр сарын 1 хүртэл хугацаанд ямар нэг татвар хураамж авахгүй байх, дарамт шахалт үзүүлж хөөж туухгүй байх үүргийг шат, шатны Засаг дарга нарт өгсөн ба мал, махны бэлтгэл, нийлүүлэлтийг хэвийн явуулахад бүх талын дэмжлэг үзүүлж ажиллах, тээвэрлэлтийн зохицуулалтыг хийж, халдвар, хамгаалалтыг сайтар мөрдүүлэх чиглэл өглөө.