Үнийн өсөлтөд судалгаа хийх үүргийг холбогдох албаныханд өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-11-14 15:57:58

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ хүнд цаг үед хүнс, өргөн хэрэглээний бараа, түлээ нүүрс, эм, эрүүл ахуйн хэрэгслийн үнэ нэмэгдэж байна гэх асуудал олон нийтийг бухимдуулж байна.

Энэ мэдээллийн дагуу үнийн өсөлтөд газар дээр нь очиж судалгаа хийх үүргийг аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга А.Ишдорж холбогдох албаныханд өглөө. Тэрээр хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд хандаж хэлэхдээ “Хорио цээрийн байдлыг далимдуулж, бараа бүтээгдэхүүнийхээ үнийг бүү нэмээч ээ, хүнлэг сэтгэлтэй байгаач ээ гэж бизнес эрхлэгчид, ААН-үүддээ уриалмаар байна. Яагаад гэвэл Баянтээгийн уурхайгаас нүүрсний үнээ огт нэмээгүй, шатахуун түлшний үнийг улсаас нэг ч төгрөг нэмээгүй байгаа. Тэгэхээр үнийн хөөрөгдөл үүсгэж, хүнс, бараа бүтээгдэхүүний үнийг шалтгаангүйгээр нэмэх юм бол хууль журмын дагуу хатуу арга хэмжээ авна гэдгийг анхааруулъя” гэв.


相关新闻