А.Ишдорж: Иргэдэд нээлттэй, ил тод, шударга, шуурхай байх зарчмыг баримталж ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-11-13 22:47:52

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга А.Ишдоржтой цаг үеийн ажлын талаар тодруулж ярилцлаа.  


-Аймгийн Засаг даргын албыг хүндхэн үед хүлээж авлаа.  Малчдын отор нүүдэл, коронавирус, агаарын бохирдол гээд тулгамдсан олон асуудал байна. Та ажлаа нэн түрүүнд юунаас эхэлж  байна вэ?

-Цаг хугацаа шахуу, тулгамдсан асуудал багагүй байна. Нэн тэргүүний анхаарах асуудал бол мал аж ахуйн салбарын нөхцөл байдал юм. Аймгийн хэмжээнд зуншлага, намаржилт тааруу, нийт газар нутгийн 45 хувь нь гандуу, 50 хувь нь гантай байлаа. Малын хоол тэжээл муу байгаагаас шалтгаалж, малчид отор нүүдэл их хийж байна. Энэ оны эхэнд 5.6 сая толгой мал тоологдож, үүн дээр 1394.2 мянган төл мал хүлээн авсан. Малын хорогдол, борлуулалт гээд өнөөдрийн байдлаар 6.4 сая толгой мал намаржиж байна. Үүнээс 1682 өрхийн 875559 толгой мал 15 аймгийн 130 гаруй суманд отроор яваа. Малчдын ихэнх нь Булган, Төв, Дорноговь аймагт очсон байна. Очсон газраасаа хөөгдөх, дарамт, шахалтад орох асуудал гарч байгаа.

Тухайн аймаг, сумдын удирдлагуудтай яриа хэлцэл хийж, төрийн байгууллагын түвшинд болон малчид, иргэдийн хооронд ойлголцоход нэн тэргүүнд анхаарч байгаа.  Булган, Төв аймгийн удирдлагуудтай холбогдож, газар дээр нь очиж уулзья, нөхцөл байдалтай танилцъя гээд төлөвлөсөн байсан ч хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо. Мөн зарим сумын удирдлагууд томилогдоогүй, цаг хугацааны хувьд хүлээлттэй байна.

Сумдын удирдлагууд томилогдсоны дараа аймгийн ажлын баг томилж, уулзалт, гэрээ хэлэлцээр хийх, хүсэлт тавих, отроор яваа малчдад нийгмийн үйлчилгээг хүргэх ажлыг хийхээр төлөвлөж байна. Төв, Булган, Дорноговь аймгийн удирдлагуудтай холбогдон нөхцөл байдлаа танилцуулж, хорио цээрийн дэглэмийн үед малчдыг хөөж туухгүй, тав тухтай байлгахад анхаарч ажиллаач ээ гэсэн албан бичгийг урьдчилан хүргүүлсэн. Хөдөө аж ахуйн болон төв суурин газрын өвөлжилтийн ажилтай зэрэгцээд коронавирусний цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажил тулгарч байна. Үр хүүхдүүд, ахмад настнууд, зорилтот бүлгийн гишүүдийнхээ аюулгүй байдлыг анхаарах, дархлааг сайжруулах, сургууль, цэцэрлэг завсардсан энэ үед гэртээ үлдэж байгаа хүүхдүүд гал, усны осол гэмтэл гаргахгүй байхад айл өрх бүр онцгой анхаарал тавьж, дотоод зохион байгуулалтаа сайтар хангахыг зөвлөе.

-Коронавирусний халдварын тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд улс даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжлээ. Өвөрхангай аймагт нөхцөл байдал хэр байгаа вэ?

-Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу аймгийн Онцгой комисс хуралдаж, аймгийн хэмжээнд бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. 78 хяналтын цэгийг байгуулж, 200 гаруй төрийн албан хаагч 24 цагаар ээлжлэн  үүрэг гүйцэтгэж байна. Аймгаас орох гарах, дамжин өнгөрөх хөдөлгөөнд хяналт тавьж, зөвшөөрлийн бичгээр гаргаж байгаа. Аймгийн Онцгой комисс шаардлагатай цаг тухай бүрт хурал хийж, зохих шийдвэрүүдийг гарган хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэж байгаа учраас иргэд тодорхой мэдээлэлтэй байгаа байх. Хүн бүр Онцгой комисс, төрийн байгууллагаас зохион байгуулж буй ажил, хорио цээрийн дэглэмийг бүрэн мөрдөж, хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

-Коронавируснээс гадна ханиад, томууны өвчлөл ч тархалт өндөр байна. Үүнд агаарын бохирдолт гол нөлөөг үзүүлж байдаг. Тэгэхээр энэ жил агаарын бохирдлыг хэрхэн бууруулах вэ?  Баянтээгийн шахмал түлшний үйлдвэрлэл хэр үр дүнтэй байгаа вэ?

-Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил анхаарлын төвд байна. Ялангуяа, Өвөрхангай аймгийн нийт хүн амын гуравны нэг нь оршин суудаг Арвайхээр хотын агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд нэлээдгүй анхаарч ажиллана. Өнгөрсөн жил Баянтээгийн нүүрсний уурхайд шахмал түлшний үйлдвэр байгуулж, тодорхой хэмжээнд үйлдвэрлэл явуулж эхэлсэн. Шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхийн өмнө лабораторийн шинжилгээгээр баталгаажуулж, хүний эрүүл мэнд, амь насанд хэр аюулгүй байх дүгнэлтийг гаргуулах ёстой. Үүний дараа туршилтын хэлбэрээр нэвтрүүлнэ. Ирэх жилээс Арвайхээр хотын айл өрхүүдийн хэрэглээнд энэ шахмал түлшийг бүрэн нийлүүлэхээр төлөвлөж байна. Түлшийг авчраад шууд нийлүүлэхээс өмнө айл өрхүүдэд аюулгүй байдлыг хангах заавар зөвлөмжийг хүргэж, сургалт, дадлагын ажлыг зохион байгуулна.

Томоохон уурын зуухнуудад 2019 онд хуурай шүүлтүүр тавьсан. Зарим уурын зуухнууд нэмэлт тоноглол тавьж, эерэг үр дүн гарч байгаа. Дулаан хариуцаж байгаа бүх аж ахуйн нэгжид энэ шаардлагыг тавина. Тэгж байж агаарын бохирдол, орчны тоосжилтоос үүдэлтэй асуудал, өвчлөлийг бууруулна.   

-Хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор нутагтаа үлдсэн малчид отроор явах боломжгүй болж байна. Аймагт өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлт хэдэн хувьтай байна вэ?

-Аймгийн ИТХ-ын 11 дүгээр сарын хуралдаанаар төсвийн тодотгол хийж, аймгийн төсвөөс 100 сая төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг баталсан. Энэ дагуу худалдан авах ажиллагага зарлаж, өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлж байна. Мөн УИХ-ын гурван гишүүн болон Шадар сайдын зүгээс улсын Онцгой комисстой ярьж байгаад 400 сая төгрөгийг Өвөрхангай аймгийн өвөлжилт, хаваржилтын бэлтгэлд зориулж, шийдвэрлэсэн. Энэ хөрөнгөөр өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулна. Засгийн газрын тогтоолоор аймгийн хэмжээнд 4700 тонн өвс, 1150 тонн гар тэжээл бэлтгэх шаардлагатай байгаагаас өвсний 65, тэжээлийн 20 хувийг бүрдүүлсэн. Малчдын хувьд хадлан тэжээлийнхээ 52.8 хувийг бэлтгэсэн гэх дүн мэдээ байна.

-Ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай өөр ямар ажлууд байгаа вэ?

-12 дугаар сарын 5-ны дотор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал хуралдаж, 2021 оны аймгийн төсөв, үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр гээд томоохон бодлогын баримт бичгүүдийг батална. Ирэх дөрвөн жилд Өвөрхангай аймаг хэрхэн хөгжих вэ, ард иргэдийн амьдрал ахуйд ямар эерэг өөрчлөлт гарах юм, ажлын байр, үйлдвэржилтийг яаж нэмэгдүүлэх вэ гээд олон асуудал дээрх бодлогын баримт бичгүүдэд тусгагддаг. Тиймээс ард иргэд маань ирэх дөрвөн жилд аймаг, орон нутагт ямар ажлыг хийж хэрэгжүүлээсэй гэж бодож байна, түүнийгээ манай ажлын хэсэгт бичгээр, утсаар ирүүлэхийг хүсье. Иргэдийнхээ саналыг хүндэтгэн хүлээн авч бодлогын баримт бичгүүдэд тусгаж, ажил хэрэг болгохын төлөө хичээнгүйлэн ажиллана.

-Сумдын Засаг дарга нар хэзээ томилогдох бол?

-Аймаг, сумдын дарга нар томилогдох явц тодорхой шат дараалалтай байдаг. Авлигатай тэмцэх газарт хөрөнгө оруулгын мэдүүлэг, ашиг сонирхлын мэдүүлэг гэсэн баримт бичгүүдийг хянуулдаг. Миний хувьд ч 7 хоногийн хугацаанд хүлээгдсэн. Одоогоор таван сумын даргыг томилоод байна. Мэдүүлэг ирэхээр үргэлжүүлээд томилоод явна.

-Аймгийн Засаг даргад хандсан иргэдийн өргөдөл, хүсэлт багагүй ирдэг. Иргэдтэйгээ хэрхэн хамтарч ажиллах вэ?

-Ажлаа шинээр аваад удаагүй ч ажлын байрны чиглэлээр хүсэлт, өргөдөл нэлээн ирж байна. Сая төрийн албаны шалгалт зохион байгуулахад 100 орчим залуус төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн байна. Аймгийн төрийн албанаас энэ онд тэтгэвэрт гарах 21 хүн бий. Төрийн албаны салбар зөвлөлөөс тэдгээр хүмүүсийг хуулийн хугацаанд гавьяаныхаа амралтыг авах, ажилгүй байгаа залуучуудаа ажлын байраар хангахыг зөвлөж байгаа.

Миний хувьд ажлын өдрүүдэд иргэдтэй байнга уулзаад байх боломжгүй. Хурал цуглаанд оролцох, хөдөө сум орон нутгаар явах, бичиг баримтуудтай танлцах гээд өдөр бүр харилцан адилгүй байх учраас иргэдтэй уулзах өдөр цагийг тодорхой болгож мэдээлнэ. Гэхдээ хөдөө орон нутгаас онцгой шаардлагаар ирсэн иргэд байх юм бол цаг хугацаанд хязгаар тавихгүй уулзана гэсэн бодол байна.

Ер нь бол иргэдийн зүгээс аймгийн удирдлагуудтай уулзах, тулгамдсан асуудлаа хэлж шийдвэрлүүлэх хүсэлтэй байдаг учраас тэр нөхцөл боломжийг бүрдүүлж, шууд утас ажиллуулна гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, харилцаа холбооны дэвшилтэт байдлыг ашиглаад иргэдэд хөдөө орон нутгаас зардал чирэгдэл гарган, цаг хугацаа алдаж ирж уулзахгүйгээр утсаар санал хүсэлтээ тавьдаг, эргээд шийдвэртэй хариу мэдээллээ авдаг боломжийг бүрдүүлнэ.

-Та аймаг удирдах ажилдаа ямар зарчим баримтлах вэ?

-Төрийн албан хаагчид олон нийтэд хөнгөн шуурхай, шударгаар төрийн үйлчилгээг хүргэх шаардлагатай байна.

Иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэхдээ хүнд суртал гаргасан, авлига хээл хахуулийн асуудал гаргасан төрийн албан хаагчийг ажлаас шууд чөлөөлнө гэдгийг мэдэгдсэн. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, ажлаа хариуцлагатай хийж байгаа хүнийг дэмжин ажиллана, хариуцлагагүй, дүр эсгэж ажиллаж байгаа төрийн албан хаагчид хариуцлага тооцно.

Аймаг, орон нутгаас зохион байгуулж буй ажлууд иргэдэд нээлттэй, ил тод, шударга, шуурхай байх гэсэн зарчмыг баримталж ажиллана.

相关新闻