Хүнсний хангамжийн удирдлагын шуурхай штабаас цахим хурал хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-11-13 17:12:32

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын Хүнсний хангамжийн удирдлагын шуурхай штабаас аймгуудын Засаг дарга болон ХХААГ-ын удирдлага, ажилтнуудтай цахим хурал хийлээ. Хурлаар хүнсний үйлдвэрлэл, хүнс нийлүүлэлтийн тасралтгүй үйл ажиллагааг хангахын тулд нэгдсэн бодлого баримтлах шаардлагатай байгааг хэлж, тодорхой үүрэг чиглэл өглөө.

Энэ үеэр Өвөрхангай аймгийн Онцгой комиссын дарга, Засаг дарга А.Ишдорж санал дэвшүүлсэн бөгөөд хорио цээрийн дэглэмийн үед отроор яваа малчдад тухайн нутаг орон, төрийн байгууллагын зүгээс дарамт шахалт үзүүлэхгүй байхад анхаарч ажиллахыг хүслээ. Мөн Улаанбаатар хот руу амьд мал ачиж оруулах, буцахдаа хүнс тээвэрлэж ирэх гэсэн иргэдийн хүсэлтийг уламжилсан бөгөөд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хариулт өгөв. Тэрээр хэлэхдээ отроор яваа малчдын асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор малчдыг одоо байгаа газарт нь өвөлжүүлж, хаваржуулах чиглэлтэй байгаа гэв. Улаанбаатар хотын төв рүү мал, мах нэвтрүүлэхгүй, харин хотын хоёр захад байгаа мах бэлтгэлийн компаниуд руу хүргүүлнэ хэмээн сайдын зүгээс хариуллаа.

Уг цахим хуралтай холбогдуулан аймгийн Онцгой комиссын хурал өнөө орой 18.00 цагаас хуралдах юм.

相关新闻