Шуурхай штабаас мэдээлэл хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-11-13 16:34:25
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Онцгой комисс, Шуурхай штабаас “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, УОК-оос шийдвэр гарч, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан орон нутагтаа урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын захирамж гарсан.

Аймгийн ОБГ-ын дарга М.Адьяабаатар мэдээлэлдээ “Засгийн газар, УОК болон аймгийн Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлэх, хяналтыг сайжруулах чиглэлээр мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Онцгой комисс хуралдаж, тохиолдлын удирдлагын багийн бүрэлдэхүүн болон Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийсэн.

Аймаг, Улаанбаатар, сум хоорондын авто тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа. Зайлшгүй хүнсний бүтээгдэхүүн татах, өвчтөн хүргэж өгөх, буяны ажилд оролцох гэх мэт зөшөөрөгдсөн тээврийн хэрэгслүүд авто замаар зорчино, бусад ямар ч тохиолдолд тээврийн хэрэгслийг зорчуулахгүй.

Засгийн газрын 178 дугаар тогтоолоор ажиллахыг зөвшөөрсөн эрчим хүчээр хангах, хүнсний худалдаа, шатахуун түгээх, эм эмнэлгийн хэрэгслийн худалдаа, эрүүл мэнд, тусгайлсан чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагуудаас бусад газрын үйл ажиллагааг түр зогсоосон. Хяналт шалгалт хийж байгаа.

Хүнсний үйлдвэр, худалдаа эрхэлдэг байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, өглөө 9.00 цагаас оройн 21.00 цаг хүртэл ажиллана, харин барааны зах, худалдааны төв, сүм хийд, тоглоомын газар, бар, ресторан, зочид буудлын үйл ажиллагааг хориглосон байгаа. Шаардлагагүй бол иргэд гадуур зорчихгүй байхыг анхаарах хэрэгтэй” гэсэн юм.

Харин ЭМГ-ын хэлстийн дарга Л.Ганбат иргэдэд өгсөн мэдээлэлдээ “Сумаас зайлшгүй нарийн мэргэжлийн эмч нарын тусламж дэмжлэг авах шаардлагатай бол сумынхаа эмчид хандаж, нарийн мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авах, цаашлаад аймаг, сумын Онцгой комиссоос зөвшөөрөл авсны үндсэн дээр аймаг руу ирэхийг зөвшөөрнө. Бусад тохиолдолд утсаар холбогдож, зөвлөгөө авах хэрэгтэй.

Иргэд шаардлагагүй бол эрүүл мэндийн байгууллагаар аль болох  үйлчлүүлэхгүй, шинжилгээ өгөх гэж яаралгүй, тэвчээртэй хандаж, утсаар зөвлөгөө авч байх хэрэгтэй” хэмээн зөвлөлөө. 

相关新闻