Мах, сүүн бүтээгдэхүүнийг Эрдэнэт хот руу чөлөөтэй нэвтрүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-11-14 12:58:19
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Аймгийн Онцгой комисс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Үүнд хүнсний хомсдол үүсгэхгүйн тулд бусад аймаг, сумдаас ирж буй мах, махан, сүү, сүүн бүтээгдэхүүнийг Эрдэнэт хот руу чөлөөтэй нэвтрүүлж байгаа гэлээ.

Хүн хүч, хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл, шатахуун зэрэг бүх төрлийн нөөцийн судалгааг байнга гаргаж бэлэн байдлыг хангуулж байна гэв.

Мөн эмзэг бүлгийн хүн амын судалгааг сум, багаар гаргах, тодотгох, тэдэнд дулаан, цахилгаан, хүнсний хангамж, шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх, ариутгал, халдваргүйжүүлэлтэд хэрэглэгдэх бодисын нөөцийн судалгааг гаргаж, хомсдол үүсэхээс  сэргийлэх хариу арга хэмжээг авч байгааг мэдээллээ.

Түүнчлэн аймгийн онц чухал объектуудын харуул хамгаалалтыг чангатгах, эмнэлгийн байгууллагуудад шинээр төрж байгаа хүүхдүүдийн өлгий, эд зүйл, хоол хүнсний хангалтад анхаарч ажиллаж байна гэв.

Аймгийн Засаг даргын  захирамжийн дагуу  2020 оны 11 дүгээр сарын  14-ний өглөөний 06.00 цагаас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өглөөний 06.00 цаг хүртэлх хугацаанд аймгийн хэмжээнд автомашины болон явган хүний хөдөлгөөнийг түр зогсоогоод байна.

 

相关新闻