Бүх төрлийн үйлчилгээний газрын үйл ажиллагааг түр зогсоолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 11 дүгээр сарын 12-14-ний өдрийг хүртэлх хугацаанд бүх төрлийн үйлчилгээний газар, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх газрууд болон
зах, худалдааны төв, ресторан, спорт заал, бүх төрлийн клубийн үйл ажиллагааг түр зогсоолоо.
Тодруулбал, Улаанбаатар хотод үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан аймгийн Онцгой комисс 2020 оны 11 дүгээр сарын 11-нд шуурхай хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:
1.Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 11 дүгээр сарын 13-ны өдрийн 23:00 цаг хүртэлх хугацаанд аймаг, сумаас гарах, орох хөдөлгөөнийг зогсоох;
2.Аймгийн хэмжээний сургууль, цэцэрлэг, бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12:00 цагаас эхлэн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд түр зогсоох;
3.Хязгаарлалт тогтоосонтой холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд бүх төрлийн үйлчилгээний газар, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх газрууд болон
зах, худалдааны төв, ресторан, спорт заал, бүх төрлийн клубын үйл ажиллагааг түр зогсоох болон холбогдох шийдвэрүүдийг тус тус гаргалаа.