Э.Манал: Тусгай хэрэгцээт хүмүүсийн биш, харин эрүүл бүлгийн сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх шаардлагатай гэж боддог
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг дахь “Лектор центр” судалгааны төвийн дэргэдэх “Хийдлийн ангууч” клубийн хүүхдүүд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан “Ирээдүйн ул мөр” үйл ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалахад хувь нэмрээ оруулахаар сэтгэл нэгдсэн эдгээр хүүхдүүд үйл ажиллагааныхаа мэдээллийн ивээн тэтгэгчээр МОНЦАМЭ агентлагийг оролцохыг хүссэн юм. Клубийн ахлагч, Арвайхээр сумын 4 дүгээр сургуулийн 11А ангийн сурагч Э.Маналаас энэ талаар тодрууллаа.
-Тусгай хэрэгцээт үе тэнгийн хүүхдүүддээ туслахаар сайхан ажил эхлүүлж байгаа юм байна. Үйл ажиллагаагаа танилцуулна уу?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр жил бүрийн 12 дугаар сарын 03-нд тохиодог. Тус өдрийг угтаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг нь хангахад туслах, тэдэнд урам зориг өгөх зорилгоор “Лектор центр” судалгааны төвийн дэргэдэх “Хийдлийн ангууч” клубээс санаачлан “Ирээдүйн ул мөр” үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна.
Эхний үйл ажиллагаа 11 дүгээр сарын 14-ний өдөр болох бөгөөд энэ үеэр бие махбодын бэрхшээл болон сэтгэлзүйн эрүүл мэнд гэж юу вэ, биеийн дархлаанаас илүү сэтгэлийн дархлаа яагаад чухал байдаг вэ, сэтгэлзүйн дархлааг өөртөө яаж суулгах вэ? гэхчлэн олон төрлийн мэдээлэл, сургалтыг явуулна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай олимпоос эх орондоо медаль авчирсан мундаг хүүхдүүд маань оролцож, өөрсдийн амжилтын түүхээс хуваалцана. Эдгээр сурагчид хэдий хөгжлийн бэрхшээлтэй ч гэлээ, өмнөө тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүлж, өөрийнхөө төдийгүй аймаг, улсынхаа нэрийг тив, дэлхийн тавцанд гаргаж байхад эрүүл саруул хэрнээ зорилгоо тодорхойлоогүй, өөрийнхөө төлөө ямар нэгэн алхам хийгээгүй хүүхдүүд зөндөө бий. Тэгвэл манай үйл ажиллагаанд ирснээр тодорхой зүйлийг ойлгож ухаараад гарах болно гэдгийг хэлмээр байна.
Ямар нэг сургалт, үйл ажиллагаа ихэвчлэн зохион байгуулагчдын зүгээс оролцоотой байдаг бол энэ хэв маягийг эвдэж, оролцохоор очсон хүмүүс маань хөгжлийн бэрхшээлтэй хүний оронд өөрийгөө хэдхэн хором ч болов байлгаж, тэр хүнд учирдаг бэрхшээлийг зүрх сэтгэлээсээ мэдрэх боломжийг бүрдүүлнэ. Бид бас ЕБ-ын 2 дугаар сургуулийн тусгай бүлгийн нэг ангийг тохижуулж өгөхөөр зорьж байна. Тийм учраас хандивын аяныг эхлүүлсэн. Албан байгууллага, ард иргэд, хүүхэд залуусыг энэхүү аянд идэвхтэй оролцоосой гэж хүсч байна.
-Яаж мэдрүүлэх вэ? Жишээ хэлбэл?
-Тэргэнцэр дээр сууж үзэх ч гэдэг
юмуу, тэр хүний амьдралаар хэдэн хором амьдраад өөрт мэдэрсэн мэдрэмжээ
хуваалцана. Энэ санааг би гурван жилийн өмнөөс төлөвлөж эхэлсэн л дээ. Тэр үед
би гадуур нүдээ аньж хэсэг явсан юм. Тэр мэдрэмжээсээ улбаалаад хөгжлийн
бэрхшээлтэй байна гэдэг ямар хэцүү болохыг нийгмийн эрүүл саруул бүлэгт
мэдүүлэх юмсан, тийм хүмүүсийг хайрлаж, тусалж, дэмжих юмсан гэх бодол төрсөн.
Ингээд хүүхэд хүүхдэдээ нөлөөлөхүйц үйл ажиллагааг зөвхөн хүүхдүүд өөрсдөө
зохион байгуулна хэмээн бодож байсан маань биеллээ олох гэж байна.
Энэ үйл ажиллагаанд ЕБС-ийн болон Политехникийн коллежийн сурагчид оролцоно. Бусдад тусалъя гэсэн нэг сэтгэл, нэг зорилго, нэг хүсэл тэмүүллээр сайн дураараа нэгдсэн учраас бидний ажил үйлс бүтэмжтэй байгаа. Бид өнгөрсөн 9 дүгээр сард “Мэргэжил сонголт-Бидний ирээдүй” сэдэвт үйл ажиллагааг ГБХЗХГ, Арвайхээр сумын ЗДТГ, Насан туршийн боловсролын төвтэй хамтран зохион байгуулсан.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар ямар нэг судалгаа, тоо баримт гаргасан уу?
-Аймаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүний тоон судалгааг авсан. Үүнээс нэг зүйл харагдаж байгаа. Сумдад хөгжлийн бэрхшээл бүхий хүүхдийн тоо цөөн байдаг юм билээ. Тиймээс тэдэнтэй тулж ажиллахгүй, мартагдсан бүлэг болоод байна уу гэх бодол төрсөн. Аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 3856 хүн байгаагаас 43.4 хувь нь эмэгтэй хүн байна. Мөн 1696 нь төрөлхийн, 2160 нь олдмол хөгжлийн бэрхшээлтэй гэсэн судалгааг авсан.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх ашиг хөндөгдөж, нийгмийн хөгжлөөс хоцорч эсвэл дарамтлуулж, шахагдаж байгаа нь та нарын хүрээлэлд хэрхэн мэдрэгддэг вэ? Тухайлбал, сургуулийн орчинд?
-Манай аймагт энэ асуудал харьцангүй гайгүй байдаг. Яагаад гэвэл, тусгай бүлгийн сурагчид маань нийгэмд зөв үлгэр дууриалал үзүүлдэг. Олон улсын уралдаан, тэмцээнд оролцож, хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн амжилт гаргаж болдгийг удаа дараа харуулсан болохоор нийгэмд тэднийг хүндэлж, хайрлаж эхэлсэн. Нэршлийн хувьд ч өөрчлөлт гарч байгаа. Хэдэн жилийн өмнө тахир дутуу гэх доромж үгийг хэрэглэдэг, тэгээд ч тэр үү, тийм хүнээс олон нийт зугатах, дөлөх асуудал их гардаг байсан шүү дээ. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй гэх нэр томьёо гарч, одоо тусгай хэрэгцээт гэх болсон.
Цаашид тусгай хэрэгцээт бүлгийн хүмүүсийг нийгэмд тэгш эрхтэй оролцдог болгохын тулд тэдний биш, харин эрүүл бүлгийн хүмүүсийн сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх шаардлагатай гэж боддог. Бид өөрсдөө ялгаварлан гадуурхах хандлага гаргахгүй байж л тэдгээр хүмүүсээ хөгжүүлж чадна. Үе тэнгийн хүүхдүүд болон бяцхан дүү нарынхаа хөгжлийн бэрхшээлтэй гэж ялгаварлах үзлийг засч залруулж, эерэг ойлголт өгөх зорилгоор бид энэ ажлыг санаачилсан юм. Цаашид ерөнхий боловсролын сургууль бүрт үйл ажиллагаа явуулахаар төлөвлөөд байгаа.
-Та бүхний санаачилгыг дэмжиж, хамтарч ажиллаж байгаа байгууллага, хувь хүн бий юу?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамгаалах чиглэлээр ажиллана гэхээр хүмүүс дуртай хүлээн авч байгаа. Хүүхдүүд биднийг дэмждэг, хүүхдийн дуу хоолойг сонсдог болж байгаад бид их баярладаг. Үйл ажиллагаа явуулахад танхимын асуудал тулгамдаж байсан ч аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Д.Амартүвшин ах энэ асуудлыг шийдвэрлэж өгч байгаа, мөн бичгээр, мэдээлэл сурталчилгаагаар хүмүүс тусалж байна. Энэ үйл ажиллагаанд зүрх сэтгэлээ зориулж ажиллаж байгаа хүүхдүүддээ, багийхандаа, багш нартаа, биднийг дэмжиж тусалж байгаа бүх хүмүүст баярлалаа гэж хэлье.
-Сайн үйлсийг санаачилсан дүү нарынхаа ажилд амжилт хүсье.