Комүсүби Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Озэки Асаноямаг давлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-11-10 11:26:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башё өнгөрсөн ням /2020.11.08/ гарагт Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд эхэлж, өнөөдөр 3 дахь өдрийн барилдаан үргэлжилнэ.


Энэ удаагийн башёд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд нар гэмтлийн улмаас барилдаагүй өнжсөнХарин “COVID-19” халдварын улмаас сумогийн ордонд 2500 үзэгчийг л орохыг зөвшөөрсөн энэ башёд зүүн жигүүрийг Озэки Асанояама, барууныг Озэки Такакейшо нар манлайлж байна.


Макүүчи буюу дээд зиндааны барилдааны 2 дахь  Комүсүби Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Озэки Асанояматай барилдаж уватэнаге мэхээр өрсөлдөгчөө давснаар 2 даваатай болов. Тэрбээр өнөөдөр М2 Оношотой барилдана. Харин Асанояма /1-1/ энэ барилдаанд бэртэл авсан учраас өнөөдрөөс тэмцээнийг орхиж байна. Тэрбээр анх удаа гэмтлийн улмаас тэмцээнээс гарч байгаа аж.



Энэ өдөр М13 Ичиножёо А.Ичинноров, М14 Котоновакад ошидаши мэхээр ойчиж 2 унаатай болсон бол М13 Хоошорюү С.Бямбасүрэн, М12 Ютакаяамаг ичигаке мэхээр давж 2 даваатай явна. Мөн энэ өдрийн барилдаанд М6 Тамаваши Б.Мөнх-Оргил, М5 Котошохотой учраа таарч цукидаши мэхээр давснаар 1 даваа, 1 унаатай байна.


Магэширагийн 1-ээс барилдаж буй Кирибаяама Лхагвасүрэн энэ өдөр шинэхэн Озэки Шодайд ёрикири мэхээр унаснаар даваа аваагүй явна. Кирибаяама өнөөдөр Озэки Такакейшотой учраа таарсан байна. Харин энэ өдөр Озэки Такакейшо М1 Вакатакакакаге-г цүкидаши мэхээр хаяж 2 даваатай болов.


Ташрамд сонирхуулахад, Японы мэргэжлийн сумо бөхөд гадаад бөхчүүдээс шинэ зууны 20 жилд монголчуудын эрин үе үргэлжилж 68 дахь Их аварга Асашёорюү Д.Дагвадорж, 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал нар ээлжлэн түрүүлсэн. Тэдний араас 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж тав, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд тав, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хоёр Кёкүтэнхо Н.Цэвэгням нэг, Тамаваши Б.Мөнх-Оргил нэг удаа тус тус түрүүлээд байгаа билээ.


Харин сүүлийн 2 жилд Японы залуу бөхчүүд дээшээ гарч ирээд байгаа юм. 2018 оноос Макүүчи зиндааны 16 түрүүний есийг нь монгол бөхчүүд, долоо түрүүг Точиношин, Митакэүми, Такакэйшо, Асанояами, Токүшорюү, Шодай зэрэг япон бөхчүүд хүртээд байна.

相关新闻