“Даншиг Транс” ХХК-ийн баг улсын аваргын тэмцээнд хоёр дахь удаа аман хүзүүдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Буянт-Ухаа спортын ордонд энэ оны 11 дүгээр сарын 06-наас 08-нд болсон шагайн харвааны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний дэд байрт Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат Монгол Улсын дархан мэргэн Батбаярын Баттулга ахлагчтай “Даншиг Транс” ХХК-ийн баг шалгарлаа. Тус баг өнгөрсөн жилийн тэмцээнд мөн л аман хүзүүдэж байжээ.
Тэмцээний тусгай байр буюу шагналт тавдугаар байрт Мандах сумын харьяат Монгол Улсын гарамгай мэргэн Баатарсүрэнгийн Наранхүү ахлагчтай “Дорноговь телевиз”-ийн баг шалгарчээ.
Нийт 20 аймаг, есөн дүүргийн 132 багийн 1100 гаруй харваач оролцсон тэмцээнд Дорноговь аймгаас 17 баг оролцсон байна. “Даншиг Транс” ХХК-ийн багийн харваач Монгол Улсын дархан мэргэн Б.Хонгор спортын мастер, Монгол Улсын үлэмж дархан мэргэн цолоор Б.Хувьтөгөлдөр, Монгол Улсын дархан мэргэн цолоор Хөвсгөл сумын харьяат Б.Баттулга, Мандах сумын харьяат Б.Наранбаатар, Өргөн сумын харьяат А.Энхманлай, Б.Наранбаяр, Монгол Улсын хошой мэргэн цолоор айраг сумын харьяат Б.Мөнхбаатар, Монгол Улсын мэргэн цолоор Өргөн сумын харьяат Ц.Мөнх-Оргил нар тус тус шагнуулж амжилтаа ахиуллаа.