Дорнын говьд отгон гүйлтээ хийснээр 21 аймагт 21 км гүйх зорилгоо биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-11-09 12:09:11

Дорноговь/МОНЦАМЭ/. Уулын спортын мастер Ж.Баатарболд энэ оны 11 дүгээр сарын 8-нд Дорноговь аймгийн Сайншанд хотод ирж, говь нутгийн хөнгөн атлетикийн тамирчин, олон улсын хэмжээний мастер В.Отгонтуулын хамт 21 км гүйжээ.

Галт тэргээр Дорнын говьд ирсэн тэрбээр Сайншанд сумын хойно байх мянганы замын босоо тэнхлэгийн зам дагуух Цагдаагийн посттой гурван замын уулзвараас эхлээд аймгийн төвийг тойрч урагшаа төмөр замын гармаар гарч Хамарын хийдийн чиглэлд жолоочийн овоо хүртэл гүйсэн байна.

Уулын спортын мастер Ж.Баатарболд "Гүйлт бол бүх спортын суурь нь болдог. Тиймээс хэзээ ч, хаана ч гүйж болно гэдгийг хүмүүст харуулах, уриалах зорилготой бөгөөд энэхүү спортоор хичээллэхээр энэ оны гуравдугаар сараас эхэлж нийт 1950 км гүйсэн" гэв.

Гүйлтийн сорилтоо өнгөрөгч долдугаар сард эхэлсэн тэрбээр хамгийн сүүлд 105 дахь өдрөө Сайншандад гүйж ийн зорилгоо биелүүлсэн бөгөөд энэ хугацаанд нийт 444 км гүйж, 5,952 км автомашинаар, 4,623 км автобусаар, 1,875 км галт тэргээр нийт 12,884 км зам туулсан аж.

Түүнийг Дорнын говьд ирэхэд нь говь нутгийн хөнгөн атлетикийн тамирчдын төлөөлөл тосон уулзаж хамт гүйсэнд тэрээр талархаж буйгаа илэрхийлсэн байна.Түүний аялал, гүйлтийн талаар #21kmin21provinces хаш-тагаар хайгаад танилцаж болно.



相关新闻