Төрийн албаны ерөнхий шалгалтад нэг иргэн 100 оноо авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-11-09 09:01:29
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 6, 7-ны өдрүүдэд Дундговь аймагт зохион байгуулсан Төрийн албаны ерөнхий шалгалтад 158 шалгуулагч оролцож, 47 нь тэнцсэн байна.

Шалгалт өгөхөөр 204 иргэн бүртгүүлсэн хэдий ч тэдний 77 хувь нь шалгалтад оролцож, есөн ээлжээр зохион байгуулсан байна.

Тэнцсэн иргэдийн нэрсийг албажуулан, Төрийн албаны зөвлөлд хүргүүлж, тус зөвлөлийн тогтоол гарснаар баталгаажиж, төрийн албан хаагчийн нөөцийн бүртгэлд орох юм.  

Шалгалтын үйл явцыг нээлттэй, ил тод байлгаж, шууд дамжуулалт хийн иргэд олон нийт дэлгэцээр харах, хянах боломжийг бүрдүүлсэн байна.

Энэ удаагийн шалгалтад Эрдэнэдалай сумын иргэн Б.Адъяа 100 оноогоор тэнцсэн нь Монгол Улсын түүхэнд анхдагч болж байгааг аймгийн Төрийн албаны зөвлөлөөс онцолсон. 

Тэрээр 2013 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг “Олон улсын харилцаа, эдийн засагч” мэргэжлээр төгссөн, анх удаа төрийн албаны шалгалт өгсөн ажээ. 

相关新闻