600 гаруй өрхийн 304.0 мянган толгой мал отор нүүдэл хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн 600 гаруй өрхийн 304.0 мянган толгой мал отор нүүдэл хийж байгаа тухай ХХААГ-аас мэдээлэв.
Тодруулбал, өөр аймгийн нутагт 8 сумын 92 өрхийн 46.0 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт 11 сумын 461 өрхийн 258.0 мянган толгой мал отор нүүдэл хийж байгаа ажээ.
Энэ онд аймгийн хэмжээнд Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 4 сумын 273 малчин өрхийн 307.8 мянган толгой мал /адуу 6.6, тэмээ 3.9, үхэр 2.5, хонь 81.2, ямаа 213.6/, хилийн зурваст 2 сумын 101 өрхийн 69.0 мянган толгой мал /адуу 1.6, тэмээ 1.2, үхэр 1.8, хонь 5.8, ямаа 58.6/, Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт 1 сумын 15 өрхийн 4.6 мянган толгой мал /адуу 0.07, үхэр 0.03, хонь 1.9, ямаа 2.6/ өвөлжиж, хаваржих урьдчилсан судалгаа гарсан байна.
Түүнчлэн Засгийн газрын 2020 оны 19 дүгээр тогтоолын хүрээнд Говь-Алтай аймаг 500 тн өвс, 100 тн тэжээл, сум бүр 100 тн өвс, 30 тн тэжээл бэлтгэхээс 10 дугаар сарын 25-ны байдлаар аймгийн аюулгүйн нөөцөд 270 тн өвс, сумд аюулгүйн нөөцдөө 481 тн өвс, 150 тн тэжээл харин малчид 4392.6 тн өвс, 209.7 тн гар тэжээл, 2940.3 тн хужир шүү бэлтгээд байна. Сумдын өвсний аюулгүйн нөөц бүрдүүлэлт 26.7 хувь, тэжээл 27.8 хувь, аймгийн өвсний аюулгүйн нөөц бүрдүүлэлт 54 хувь, нийт өвс 40.4 хувь, тэжээл 13.9 хувь, дундаж 21.7 хувьтай байна. Өвс тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж байна хэмээн ХХААГ-аас танилцуулсан юм.