Олдохын хүрэн бор тэмээний омгийг баталгаажууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-11-05 20:05:03
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Өнөөдөр ХХААХҮ-ийн сайдын зөвлөлийн хурлаар Дундговь аймгийн Хулд сумын Олдохын хүрэн бор тэмээний омгийг баталгаажууллаа.

Тус аймгийн Хулд сумын Олдохын хийд гэж 300 гаруй ламтай хийд байсан ба Олдохын хүрэн бор тэмээг 100-гаад жилийн өмнөөс тус хийдийн “Бурханы сүрэг” хэмээн дээдэлж ирсэн түүх бий.

Олдох баг өдгөө 7000 орчим тэмээтэй ба тус багийн малчид энэхүү хүрэн бор тэмээгээ өсгөн үржүүлсээр байна. 

Олдохын хүрэн бор тэмээг омог болгон батлуулах судалгааны ажил гурван жилийн өмнөөс эхэлсэн ба олон эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүд, малчдын нөр их хөдөлмөрийн үр дүнд өнөөдөр ийнхүү шинэ омгийг баталгаажуулсан аж.

Олдохын энэ тэмээ хүрэн бор зүстэй, генетик тогтцын хувьд бусад үүлдэр, үржлийн тэмээнээс ялгарах шинжтэй, бэлчээр ашиглах чадвар өндөр, галбирын хувьд ямар нэгэн гажиг согоггүй, мах-ноосны чиглэлээр үржүүлэхэд тохиромжтой сүрэг хэмээн мэргэжлийн хүмүүс тодорхойлжээ.

“Олдохын хүрэн бор тэмээ” омог баталгаажсанаар Дундговь аймаг гурав дахь омгоо баталгаажуулаад байгаа нь энэ юм. Тодруулбал өнгөрсөн онд мах, ноосны чиглэлийн “Сайнцагаан хонь”, хурдан удмын “Шил” адууны омгийг тус тус баталгаажуулжээ. 

相关新闻