“Дуу хуурын өлгий нутгийн ирээдүйн үзэгч" төсөл хэрэгжиж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын маркетингийн албанаас “Дуу хуурын өлгий нутгийн ирээдүйн үзэгч" төслийг хэрэгжүүлж эхэлжээ.
Энэхүү төсөл нь 15 сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, СӨБ-ын хүүхэд багачууд, эцэг эх, багш нар, иргэдэд соёл урлагаар дамжуулан соёлын боловсрол, гоо зүйн мэдлэг олгож, ирээдүйн соёлтой, боловсролтой үзэгч иргэдийг бэлтгэх зорилготой юм.
Зорилгодоо хүрэхийн тулд төслийн багаас театрын соёл болоод театрт үзвэр үзэх соёлыг түгээх нөлөөллийн ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.
Тодруулбал, төслийн зорилтот бүлэгт мэргэжлийн урлагийн байгууллагуудын мэдээллийг хүргэх, Хөгжмийн хичээлийг мэргэжлийн уран бүтээлчдийн оролцоотойгоор лекц концертоор дамжуулан хүргэх, эцэг эхчүүд, багш нар болон бусад иргэдэд соёл урлагаар дамжуулан соёлын боловсрол, гоо зүйн мэдлэг, театрын соёл болоод театрт үзвэр үзэх соёлыг түгээх юм.
Төслийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Сайнцагаан сумын сургууль цэцэрлэгийн удирдлага, сургалтын алба, хөгжмийн багш нартай уулзаж, ярилцсаны үндсэн дээр боловсруулан гаргасан ба сургуулиуд дээр болон Төв халхын дуулалт жүжгийн театрт 55 удаагийн лекц, концертыг зохион байгуулахаар болжээ.
Энэхүү төслийг хэрэгжүүлснээр бяцхан үзэгчид урлаг соёлд дурлаж, тэмүүлдэг болох ба дуу хуурын өлгий нутгийн авьяас билэг төгөлдөр уран бүтээлчдийн залгамж халаа бэлтгэгдэх их ажлын эхлэл болно хэмээн үзэж байгаа аж.






