Дундговь аймагт “Орос хэл судлал” төв нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-11-01 21:36:05
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймагт Орос хэл судлалын хоёр дахь төв нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхэллээ. Энэ сарын 29-31-ний өдрүүдэд тус аймагт Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны “Орос хэл, соёлын баяр”-ын өдрүүд болж, бүсийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлсэн ба төвийн нээлт үйл ажиллагааны нэг хэсэг болсон юм. 

Мөн тус төв нь ОХУ-ын “Россотрудничество агентлаг”-ийн 95 жилийн ой болон Орос-Монголын найрамдлын өдрийг 60 дахь удаагаа тэмдэглэж байгаа энэ түүхэн үйл явдлын нэг хэсэг болж, олон хүндтэй зочид ирж оролцсоноороо онцлогтой байлаа.

Нээлтийн ажиллагаанд ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Амгалан Базархандаев, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн дэд ерөнхийлөгч, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн дэд тэргүүн Ё.Максим, “Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын Соёлын хэлтсийн дарга Д.Намхай, Г.В.Плехановын нэрэмжит СЭДС-ийн салбар сургуулийн орос хэлний багш Сергей Зандаков, “Тавин ус” компанийн захирал Д.Ганхуяг нарын хүндтэй зочид болон аймгийн удирдлагууд, Эрдмийн далай цогцолбор сургуулийн багш сурагчид оролцжээ.

Хүндтэй зочдын бүрэлдэхүүнд ирсэн Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн дэд тэргүүн Ё.Максим, “Тавин ус” компанийн захирал Д.Ганхуяг нар Эрдмийн далай цогцолбор сургуульд орос хэлний багшаар ажиллаж байжээ. Тухайн үед багш Д.Ганхуяг тус сургуулийн орос хэлний кабинетийг анх байгуулж байсан ба 30 гаруй жилийн өмнө байгуулсан энэ ангийнхаа түлхүүрийг одоо ч хадгалж явдгаа дурсаж байсан нь олны сэтгэлд ихээхэн хүрсэн. Түүний байгуулсан кабинетийн хаалга, цоож одоо ч солигдоогүй яг хэвээрээ байсан нь хоёр багшийн дурсамжийг хөглөж, сэтгэлийг хөдөлгөсөн юм.

“Россотрудничество агентлаг”-аас шинээр нээлтээ хийж буй Орос хэл судлалын төвд дэмжлэг болгож бүгд 2,392 ам.долларын үнэ бүхий сурах бичиг, орос хэлний орчин үеийн хэвлэмэл болон аудио, видео гарын авлага, сонгодог утга зохиолын шилдэг бүтээлүүдийн дээжээс хүлээлгэн өгчээ.

Мөн “Орос хэл судлалын төв”-өөр дамжуулан орос хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Россотрудничество агентлаг”-ийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар тус аймгийн боловсрол, соёл шинжлэх ухаан, спорт болон соён гэгээрүүлэх салбарт цаашид эрчимтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. 

Ингэснээр ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, төрийн албан хаагчдыг магистр, аспирантур, ординатурт тус улсад суралцуулах, мэргэжил дээшлүүлэх, хүүхэд залуучуудыг соён гэгээрүүлэх, хоёр улсын боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн шинэ түвшинд хөгжүүлэх ач холбогдолтой ажээ.

 

相关新闻