Цэцгэнд ус, охидод хайр хэрэгтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ГБХЗГ, “Нарны охид” клубээс энэ сарын
27-нд “Цэцэглэдэг цэцэг” өдөрлөг зохион
байгуулж, 14-16 насны охидыг ээжтэй нь хамт оролцуулжээ.
Өсвөр насны охид насны онцлогоос хамааран ааш зан нь хувирч,
ээжтэйгээ болон гэр бүл, багш, найз нөхөдтэйгээ харилцахад бэрхшээл учирдаг.
Тэдний харилцаанд тулгамддаг олон асуудлыг тодорхойлсон, зөвлөлдсөн, гарц
шийдэл хайсан өвөрмөц энэ өдөрлөгөөр оролцогчдод сургалт хийж, “Ээж охидын”
болзоог зохион байгуулсан байна.
Сургалтаар ”цэцгэнд ус хэрэгтэй байдаг шиг цэцэг шиг охид
хайраар цэцэглэдэг” гэдгийг нийгэмд ойлгуулах, ээж охидын эерэг сайн харилцааг
хөгжүүлэх, хандлагыг өөрчлөх, охидын хөгжил, хамгааллын талаар ойлголт өгсөн бол “Ээж охидын болзоо”-гоор тэд бие биедээ сэтгэлийн үгээ хэлж, ойлголцож, харилцаагаа сайжруулж чадсан
ажээ.
“Цэцэглэдэг цэцэг” өдөрлөгт тус аймаг дахь Цагдаагийн газар,
Монголын Эмэгтэйчүүдийн холбооны салбар, Өсвөр үеийн кабинетийн эмч
С.Золжаргал, “Дэлхийн Монгол эх үрсийн нийгэмлэг” хамтран оролцжээ.



