Халхын анхдугаар Зая Бандида Лувсанпринлай гэгээний мэндэлсэн газраас рашаан ундарсан түүхтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай аймгийн төвөөс зүүн хойш 300-гаад км зайд орших Цэцэрлэг сумын нутагт байх Мухар хужиртын рашаан дээр энэ хаврын тавдугаар сарын эхээр биднийг хүрэлцэн очиход тэнгэр дуугаран бороо шивэрч байлаа.
Биднийг угтан авсан тус сумын ИТХ-ын дарга С.Сүхбаатар рашаан болон гэгээнтний талаар сонирхолтой хууч яриа дэлгэлээ. Лувсанпринлай гэгээний мэндэлсэн газраас ундарсан рашааныг эдүгээ Мухар хужирт гэдэг байна.
Уламжлалт анагаах ухааны судар номонд Бодьсадва заларсан газрын рашаан ус нь хамгийн их адис жинлавтай хэмээдэг. Энэ ч утгаараа энэхүү рашаан нь хол ойрын ард түмний дунд ихэд алдаршсан агаад олон зүйлийн өвчин эдгээдэг гэж хэдэн зууны турш олноороо очиж ууж ордог уламжлалтай. Ялангуяа адын хорлол болсон мэдрэл сэтгэцийн өөрчлөлтөнд орсон үед эрүүлжүүлэх сайн нөлөө үзүүлсээр байна гэж энэхүү рашааны эмч Х.Дорж танилцууллаа.
Тус рашааны дэргэд Зая гэгээний бүтээлийн хийд байдаг.
Арын сайхан хангайн хөдөө нутагт урин хавар айлсаад ногоо соёолох зун цаг айсуй үед малчид зарим нь хаваржаанаасаа зусландаа буусан байлаа. Тэд Мухар хужиртын рашааны талаар сонирхолтой олон баримт, домог өгүүлсэнийг хойш тавьж, Халхын анхдугаар Зая\Ялгуусан\ Бандида Лувсанпринлай гэгээний талаар товч үгүүлье.
Халхын Зая Бандида Лувсанпринлай нь бага залуу насандаа Дашлхүмбэ, Сэра хийдүүдэд судар тарнийн гүн ухаанд суралцжээ. Нутагтаа ирээд Булган уулын өвөрт Дунд\Тамирын\ голын хөвөөн дээр Чонотын хөндий хэмээх газар Заяын хүрээг үндэслэн байгуулжээ.
Энэ дашрамд тодотгоход,уг хүрээг байгуулахаас урьд нь Халхын сайн ноён Түмэнхэн өөрийн хүү Данзан тойнд зориулан Цавын газрыг байгуулсан явдал нь өнөөгийн Цэцэрлэг хотын суурь тавигдсан гэж ихэнхи судар номонд дурьдсан байдгийг олон эрдэмтэн судлаач нотолдог. Лувсанприлай гэгээнтэн Төвд хэлээр гүн ухаан, шашны зан үйл, эрдэмтэн лам нарын намтар садиг зэрэг зургаан боть зохиол туурвижээ. Тэрээр, 1642-1715 онд аж төрж байжээ.
Архангай аймаг Л.Булган