Хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн хөдөлгөөнийг түр зогсоов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн нийт нутгаар өнөөдөр цасан болон шороон шуурга шуурч, салхины хурд 18-24 метр хүртэл ширүүсч байна. Шуурга урд шөнө эхэлсэн бөгөөд цаашид үргэлжлэх төлөвтэй байгаа юм.
Өвөрхангай аймгаас зүүн тийш 22 км, "Ар задгай" гэх газарт цас их хэмжээгээр орсны улмаас замын зорчих хэсэгт хальтиргаа гулгаа үүссэн, мөн Бүрд сумын нутаг “Шартын даваа”, “Бумтбатын даваа”, “Элсэн тасархай” зэрэг газарт цасан шуурга шуурч, зорчих хөдөлгөөнд бэрхшээл учруулж байгаа тул иргэдийн амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотоос Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий чиглэлийн хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийн хөдөлгөөнийг эхлүүлэхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээг авч эхэллээ.
Мөн малчдад малаа ойрхон бэлчээрлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, хэрэв зайлшгүй шаардлагаар хол, ойрын замд явах тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөцийг сайтар хангаж, замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохыг холбогдох албадаас анхааруулж байна.