Филармони, Морин хуурын чуулгын хөгжмийн зэмсгийг шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-10-14 16:46:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын Филармонийн дарга С.Баттулгыг хүлээн авч уулзан тус филармонийн “Симфони найрал хөгжим”-ийн хөгжмийн зэмсгийг шинэчлэхэд зориулж нэг тэрбум 800 сая, “Морин хуурын чуулга”-д шаардлагатай 200 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах тогтоолын хуулбарыг гардуулав.


Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн сарын 28-нд Улсын Филармони, Морин хуурын чуулгын ажилтай танилцахдаа зарим асуудлыг шийдвэрлэхээ хэлсэн. Улмаар мөн сарын 30-ны Засгийн газрын хуралдаанаар дээрхи асуудлыг шийдвэрлэн баталгаажуулсан билээ.


Улсын Филармонийн дарга нийт уран бүтээлчдийнхээ өмнөөс Ерөнхий сайдад талархал илэрхийлээд Засгийн газраас Филармони, Морин хуурын чуулгад оруулж буй хөрөнгө оруулалт нь уран бүтээлчдийн итгэлийг сэргээж, ажиллах урам зориг өгч буйг онцлов. Хөгжим хэрэгслийн худалдан авалтыг богино хугацаанд чанартай зохион байгуулж гээд Улсын Филармонийн таних тэмдэг бүхий дурсгалыг хадгалуулахаар Ерөнхий сайдад өгөв.

相关新闻